Өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан мэргэжлийн сүмогийн сэкивакэ асан Ёшиказэ буюу Накамүра ояката төрсөн нутаг Ойта мужийн Сайки хоттой зарга үүсгэж, 480 сая иенийн хохирол нэхэмжилжээ.
Сайки хотын захиргаанаас “Энэ сарын 15-нд Токио хотын шүүхээс албан бичиг ирсэн. Байдлыг сайтар судласны үндсэн дээр ямар арга хэмжээ авахаа шийднэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Ёшиказэ өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 20-нд Сайки хотод болсон тойргийн барилдааны үеэр хотын захиргаанаас зохион байгуулсан экстрим аялалд оролцжээ. Тус хотын Фүжигавачи хүрхрээнээс буухаар голд үсрэхдээ баруун өвдгөө хүнд гэмтээж, нисэх тэргээр эмнэлэгт хүргэгдсэн. Энэ хүрхрээнээс долоон жилийн хугацаанд 7000 хүн бууж байсан ч нэг ч хүн гэмтэж байгаагүй гэнэ. Харин Ёшиказэ шагайны гэмтэл нь эдгэрэхгүй байсаар зодог тайлахаас өөр аргагүй болсон билээ.
Тойргийн барилдаанд бөхчүүдийг Сайки хот урьсан бөгөөд хотын дарга Танака Тошиаки “Хотын захиргаанаас зохион байгуулсан арга хэмжээнд гэмтэж, зодог тайлахаас өөр аргагүй болсонд маш их харамсаж байгаагаа илэрхийлье” гэж хэлж байлаа.
Талууд тохиролцлоо гэж байсан ч санал зөрөлдсөн тул Ёшиказэ шүүхэд хандсан байна.
Сэтгэгдэл ( 0 )