Олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахь удаагаа ОХУ-ын АШТ-д түрүүллээ. Түүнтэй ОХУ-ын спорт бөхийн холбооны сурвалжлагч уулзан ярилцжээ.
-Тав дахь удаагаа улсын аварга болсон сэтгэгдлээ хуваалцаач.
-Ямар нэг сэтгэгдэл алга. Энэ бол зүгээр л нэг улсын аваргын тэмцээн. Миний тав дахь алтан медаль. 2020 онд надад хийх, бүтээх өөр төлөвлөгөө байсан ч цар тахал гараад олимп нэг жилээр хойшиллоо. Одоо миний толгойд дэлхийн аваргын тэмцээнд сайн бэлтгэх бодол л байна. Энэ жил ДАШТ явагдана гэж найдсаар байгаа. Миний зургаа дахь дэлхийн аваргын тэмцээн болох юм.
-Улсын аваргын финалд тантай тун сонирхолтой өрсөлдөгч Асланбек Сотиев барилдлаа. Урьд өмнө барилдаж байсан уу?
-Сотиев шигшээ багийн цугларалтад хувийн зардлаар ирдэг байсан. Бэлтгэл хамт хийж байлаа. Шаргуу залуу. Финалд шалгарсанд нь би огт гайхаагүй. Энэ удаагийн УАШТ тийм хялбар байгаагүй. Европ, дэлхийн тэмцээнд түрүүлэхтэй ижил хүндхэн тэмцээн байсан.
-Дотооддоо Сотиев гэсэн өрсөлдөгчтэй боллоо гэж үзэж болох уу?
-Болох л юм. Сотиев залуу сайн бөх. Би түүнд амжилт, эрүүл энхийг хүсэж байна. Түүнтэй барилдах тун сонирхолтой.
-Цар тахал гээд та барилдаагүй удсан шүү.
-Европын аваргад хоёрдугаар сард оролцсоноос хойш барилдаагүй. Риогийн олимпын дараа ч барилдаагүй удаж байлаа. Гэхдээ тэр үед амарсан бол энэ удаад өдөрт нэг удаа бэлтгэл хийж байлаа. Хөл хориотой болохоор гэртээ, наран шарлагын газар, ууланд бэлтгэл хийсэн. Энэ удаагийн улсын аваргаар өөрийгөө юу чадахыг сорих хүсэлтэй байсан. Одоогийн байдлаар би 50 хувь л бэлэн байгаа.
-Таны гол өрсөлдөгч, таныг хамгийн сүүлд ялсан цорын ганц бөх болох АНУ-ын Кайл Снайдер сүүлийн үед байнга ялагдаж байгаа. Хөгжөөн дэмжигчид түүнийг биш Ираны Мохаммадианыг таны өрсөлдөгч гэж үздэг болоод байгаа.
-Мохаммадиан бол шинэ залуу бөх биш. Бид нэг жинд 2014 оны ДАШТ-д барилдаж байлаа. Дараа нь тэр дөрвөн жил барилдах эрхээ хасуулсан. Энэ жилийн дэлхийн аваргад учраа таарах байх гэж бодож байна. Снайдерийн ялагдлууд сүртэй зүйл биш. Америк маяг гэх юм уу даа. Америкчууд жижиг тэмцээнүүдэд ямар ч формтой байсан хамаагүй оролцдог. Гэхдээ олимп, дэлхийн аваргад үргэлж бүрэн бэлтгэлтэй байдаг. Тэгэхээр түүнийг тооцооноос хасаж болохгүй.
-Дэвид Тейлор таныг инстаграмаар өдөөн хатгасан.
-Тэр юу хүсээд байгааг би мэдэхгүй. Надаас жин бага хүн шүү дээ. Бас л америк маяг юм даа. Тэд шоунд дуртай, мөнгө олохыг хүсдэг. Харин надад энэ бүхэн ямар ч сонирхолгүй байна. ДАШТ удахгүй болох гэж байна. Хэчнээн их мөнгө ч байсан дэлхийн аварга, олимпын медалийн үнэд хүрэхгүй. Мөнгө байлаа гээд маргааш л алга болно. Харин алтан медаль түүх болон үлддэг.
Сэтгэгдэл ( 1 )
Гоё шүү.