Энэ сарын 23-25-нд Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн Их Дуулга тэмцээн явагдана. Хагас жил завсарласны эцэст жүдо бөх эргэн ирж байгаа нь энэ. Цар тахлын байдал хүнд хэцүү хэвээр байгаа тул үзэгчгүй, цөөн бөхчүүдтэй ч ямар ч гэсэн эргэн ирлээ. Харин Япон, Өмнөд Солонгосын баг тамирчдынхаа эрүүл мэндийг хамгаалах үүднээс оролцохгүй гэдгээ мэдэгджээ.
Тэмцээн ариутгал, аюулгүй байдлын дээд түвшинд явагдах бөгөөд бөхчүүд нийт 4 удаа коронивирусний шинжилгээнд хамрагдах юм. Одоогийн байдлаар 69 орны 459 тамирчин мэдүүлгээ өгөөд байгаа ч хэдэн тамирчин эрүүл мэндийн шалтгаанаар хасагдахыг хэлэхэд хэцүү.
Их Дуулга тэмцээний нэгэн сонирхол татсан зүйл нь Украины дэлхийн хошой аварга Дарья Белодед жин ахиж, 52 кг-д барилдах юм. Хөл хорионы улмаас жин хасаж чадаагүй бололтой ч түүнд олимпын оноо цуглуулах шаардлага үгүй билээ. Харин дээд жинд тэр хэсэг толгойлох эрхгүй тул томчуудын аманд очно. Францын Амандин Бюшар, Италийн Одетте Жуффрида нартай хэрхэн барилдах нь сонирхолтой.
Сэтгэгдэл ( 0 )