Чөлөөт бөх: Рисако Кавай тэргүүтэй Японы шигшээ баг ДАШТ-д оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 22

Японы чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн цугларалт Токио хотын Ажиномото бэлтгэлийн төвд энэ сарын 21-нд эхэллээ. Цугларалтад Токиогийн олимпын эрх аваад байгаа таван тамирчин бүгд оролцож байна.

Коронавирусний халдвараас сэргийлж, бүгд амны хаалттай бэлтгэл хийж байгаа ч үнэндээ Японы чөлөөт бөхийн баг 1968 оны Мехикогийн олимпын өмнө бэлтгэлээ масктай хийж байжээ. Японы чөлөөт бөхийн эцэг гэгддэг Хатто Ичирогийн санаачилсан зүйл бөгөөд өндөрлөг газарт тэмцээнд ороход тустай байдаг гэнэ. Энэ удаад ч тамирчид зүрхний үйл ажиллагаагаа сайжруулах үүднээс масктай барилдааны бэлтгэл хийж байгаа ажээ.

Европт коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлж, 12 дугаар сард Сербид зохион байгуулагдах дэлхийн аваргын тэмцээн явагдах эсэх нь тодорхойгүй байгаа. АНУ-ын шигшээ баг албан ёсоор оролцохгүй гэдгээ зарласан. Харин Японы бөхийн холбооноос эмэгтэйчүүдийн 57 кг-ийн олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Рисако Кавай тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй нийт долоон тамирчин илгээнэ гэж мэдэгдлээ. Холбооны гүйцэтгэх захирал Нишигүчи Шигэки “Тэмцээнээс харьж ирэхэд нь тамирчдыг карантинд оруулахгүй байх талаар хүсэлт тавьж, холбогдох байгууллагаас нааштай хариу аваад байгаа. Оролцох бодолтой байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн.

Харин Рисако Кавай “Коронавирусээс айж байна. Гэхдээ би өнгөрсөн хоёрдугаар сараас хойш тэмцээнд орсонгүй. Олимпын өмнө том тэмцээнд орж, гадаад бөхчүүдтэй гар зөрүүлэн, барилдааны мэдрэмжээ сэргээх шаардлагатай байна. Мэдээж оролцсоных түрүүлэхийн төлөө л барилдана” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top