Хабиб улс төрд орохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 26

Өчигдөр зодог тайлсан ОХУ-ын нэрт тулаанч Хабибыг цаашдаа ямар салбарт хүч сорих талаар маш олон таамаглал гарч байна.

Хамгийн эхний буюу боломжтой хувилбарт дасгалжуулагчийн ажилд шилжих. Хабибын багш, дасгалжуулагч Хавьер Мендес “Бүх цаг үеийн шилдэг тамирчин рингнээс буусан ч агуу дасгалжуулагч төрөн гарч байна” гэж хэлсэн. “Хабиб өөрөө цаашдаа таны ажилд туслаж, залуу тамирчидтай ажиллана гэж амласан” гэж цахим сүлжээнд бичсэн юм.
 

Хабибыг улстөрд орох байх гэсэн таамаглал мөн өндөр байна. Хабиб олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шүүмжилдэг. ОХУ-ын эрх баригч “Единая Россия” нам түүнийг сонирхож байх магадлал бий. Учир нь Хабиб төрсөн нутаг Дагестандаа бол ямар ч сонгууль явагдсан ялах нь тодорхой, олны хүндлэлийг хүлээсэн хүн.

Энэ талаар Хабибын авга ах Нурмагомед Нурмагомедов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө “Хабибт улстөр огт хэрэггүй. Тэр бол өөр хүн. Хабиб спортоо хөгжүүлж, хүүхэд багачуудын төлөө ажиллаж, сайн үйлсийн төлөө зүтгэхэд бэлэн. Тэр улстөр, эрх мэдэл сонирхдоггүй” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top