Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан энэ сарын 22-нд болсон ч эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд олимпын шигшээд Марүяма Жоширо, Абэ Хифүми хоёр тамирчны сонголтыг хэзээ явуулах талаар албан ёсны шийдвэр гараагүй байна.
Ирэх жилийн олимпын наадамд оролцох жүдочдын нэрсийг холбооноос өнгөрсөн хоёрдугаар сард зарласан.
"Токио-2020" олимпын шигшээ баг
Эмэгтэй: Фүна Тонаки, Үта Абэ, Цүкаса Ёшида, Микү Таширо, Чизүрү Араи, Шори Хамада, Акира Сонэ.
Эрэгтэй: Наохиса Такато, Шохеи Оно, Таканори Нагасэ, Шоичиро Мүкаи, Аарон Вольф, Хисаёши Харасава.
Харин эрэгтэй 66 кг-ийн жинд Марүяма Жоширо, Абэ Хифүми хоёрын хэн нэгнийг сонгохоор болоод байгаа юм. Эхлээд дөрөвдүгээр сард болох байсан УАШТ дээр шийдвэрлэх болсон ч цар тахал саад болсон. Дараа нь 12 дугаар сарын 11-13-нд явагдах байсан Токио Их Дуулга тэмцээнд аль амжилттай оролцсоныг нь сонгоно гэж байсан ч Их Дуулга тэмцээн цуцлагдсан. Холбооны тэргүүн Ясүхиро Ямашита “Уг нь Их Дуулгад хоёулаа амжилттай сайн барилдаад финалд таарсан бол сайхан байлаа. Даанч цар тахлын улмаас тэмцээн цуцлагдлаа. Одоо энэ хоёр тамирчныг ганц удаа халз барилдуулах болно. Хэзээ барилдуулахыг шийдээгүй байгаа ч Их Дуулга эхлэх байсан арванхоёрдугаар сарын 11-д хийж магадгүй юм” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Хугацаа тодорхой бус байх нь тамирчдад бэрхшээлтэй байгаа байх гэсэн сэтгүүлчийн асуултад Ясүхиро Ямашита “Дэлхийд дийлж, олимпод түрүүлэх тамирчин ямар ч нөхцөл байдал тулгарсан, бэлтгэлээ базааж, хэзээ ч барилдахад бэлэн байх чадвартай байх ёстой. Хэн хэн нь адилхан нөхцөлд байгаа. Үүнийг сөрөгөөр хүлээн авч байгаа тамирчин байвал дэлхийд өрсөлдөх чанар алга гэсэн үг. Харин өөдрөгөөр бодож, болсон зүйлийг өөртөө эрч хүч болгож чаддаг бөх л олимпод түрүүлж чадна. Тийм болохоор тамирчдад хэцүү, бэрхшээлтэй байгаа гэж би огт бодохгүй байгаа” гэж хариулжээ.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Японы олимпын шигшээ багт багтахын төлөөх өрсөлдөөнд эхлээд Абэ тэргүүлж эхэлсэн. 2017, 2018 онд дэлхийд хоёр түрүүлсэн. Гадаадын тэмцээнд 34 дараалан давсан зэрэг 2016 оны олимпын наадмаас хойш энэ жингийн лидер гэдгээ харуулж байсан юм. Харин Марүяма 2018 оны наймдугаар сард Азийн наадамд түрүүлж чадалгүй, нэг хэсэг өрсөлдөөнөөс хасагдсан ч дараа нь дараалан ялж эхэлсэн. 2019 онд ДАШТ-д анх оролцохдоо дэлхийн аварга болсон. Марүяма ийнхүү тэргүүлж эхэлсэн ч Абэ Их Дуулгад дараалан түрүүлснээр хэн хэнийх нь үнэлгээ тэнцсэн юм.
Тамирчид хоорондоо өмнө нь 7 таарч барилдсанаас дөрөвт нь Марүяма ялсан. Өнгөрсөн жил гурав таарсан бөгөөд бүгд нэмэлт цагт шийдвэрлэгдэж байлаа. Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд 13 минут 23 секунд, Осакагийн Их Дуулгад бүтэн долоон минут өрсөлдсөн билээ. Найм дахь барилдаанд хэн ялсан нь Токиогийн олимпод эх орноо төлөөлөх болно.
Сэтгэгдэл ( 0 )