Калабрийн “Ндрангета” мафийн бүлэглэл Европ руу нэвтэрч буй хар тамхины ихэнхийг нийлүүлдэг нь Дюссельдорф хотноо явагдсан шүүх ажиллагааны үеэр тодорхой болжээ. Энэ явдал хэрхэн өрнөв.
Дюссельдорф дахь дээд шатны шүүхэд олны анхаарлыг татсан шүүх ажиллагаа явагдаж байна. Гэмтний суудалд Итали, Нидерланд, Турк, Марокко, Португалиас гаралтай 14 хүн суужээ. Тэднийг 680 кг кокаины наймаа болон зохион байгуулалттай гэмт хэрэг, бохир мөнгө угаах ажиллагаанд оролцсон, татвараас зугтаж, галт зэвсгийн хуулийг зөрчсөн хэргээр Германд шүүж байгаа аж.
Гэмт хэрэгтнүүд бүгд Хойд Рейн-Вестфалийн холбооны нутгийн оршин суугчид бөгөөд тэдний тав нь Италийн гэмт бүлэглэл болох Калабрийн “Ндрангета”-ийн гишүүн байж магадгүй хэмээн сэжиглэж байна.
Мафийнхан Германы шүүхээс айхгүй байна
Коронавирусний хоёр дахь давлагаа шүүхийн үйл ажиллагааны явцад өөрчлөлт оруулжээ. Гэмт этгээдүүдийн нэгнийх нь ээж ковидоор өвчлөн, хүү нь 14 хоног тусгаарлагдах шаардлагатай болсон учраас хэргийн сонсголыг хойшлуулсан байна. Шүүхийн сонсгол бүх 14 гэмтнийг оролцуулан явагдах ёстой гэж шүүгчид шийдсэн учраас ийнхүү хойшлуулсан аж.
“Шүүх ажиллагаанд саад тотгор учруулахын тулд тэд бүхий л боломжтой зүйлийг хийх болно” хэмээн Correktiv эрэн сурвалжлах сэтгүүлчдийн товчоог үүсгэн байгуулагч Давид Шравен ярилцлага өгөхдөө дурдсан байна. Шравен бол 2017 онд Германд хэвлэгдсэн мафийн тухай бестселлер номыг зохиогч юм.
Гэмт хэрэгтнүүдэд 15 жил хүртэл хорих ял төлөвлөгдөж байгаа хэдий ч тэд зургаан жилийн ял авч, бараг дөрвөн жилийн дараа гэхэд батлан даалтаар гараад ирэх биз гэж Шравен таамаглаж байна. Үүнтэй төстэй хэргүүд өмнө нь тохиолдож, тиймэрхүү маягаар шийдэгдэж байжээ. Түүнээс гадна, Дюссельдорф дахь энэ гэмт этгээдүүд 40 өмгөөлөгч хөлсөлж, өөрсдөө бол “үнэнч шударгын илэрхийлэл” хэмээх мафийн бичигдээгүй хуулиа мөрдөн, эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзаж, огт дуугарахгүй байх магадлалтай байгаа аж.
Иймээс тэднийг яллах ганц найдвар нь гол гэрч болох 41 настай Жузеппе юм байна. Тэрбээр 2015 онд цагдаагийнханд туслахыг зөвшөөрч, өөрийн хамтрагчдын эсрэг мэдүүлэг өгчээ.
“Манай системийн эрүүгийн хэргийн шийтгэл бол мафийн бүлэглэлийнхний хувьд хүүхдийн тоглоом л гэсэн үг. Германд тэдэнд оногдуулах шийтгэл бол зүгээр л инээдтэй зүйл гэж болно. Хорих ялын иймэрхүү хугацаа хэнийг ч айлгаж чадахгүй. Хэрэв гэмт хэрэгтэнд аз дайрвал гурван жилийн дараа гэхэд суллагдаад гараад ирэх боломжтой” хэмээн Шравен онцлон тэмдэглэсэн байна.
“Ндрангета” Европт ямар үйл ажиллагаа явуулдаг вэ
Германд 2020 онд эхэлсэн шүүх хурал хоёр жилийн өмнө Герман, Бельги, Нидерланд, Итали, Испанийн цагдаа нар хамтран “Ндрангета” бүлэглэлийн эсрэг явуулсан тусгай ажиллагаанаас үүдэлтэйгээр явагдаж байгаа аж. Тухайн үед Нидерландад дөрвөн тонн кокаин хураагдаж, Италийн гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй 90 хүнийг баривчилсны 14 нь одоо Германд шүүгдэж буй этгээдүүд юм.
Мөрдөн шалгалтын материалаас харахад, “Ндрангета” гэмт бүлэглэл 2014-2018 онд ашиглаж байсан хар тамхины худалдаа болон контрбандын схем дараах байдлаар явагджээ: Кокаиныг Латин Америкаас агаарын болон далайн замаар тээвэрлэн, хууль бус ажиллагааг гүйцэтгэх хэд хэдэн тээвэрлэлтийн компанийг Европт үүсгэн байгуулсан байна. Тэд банан, цагаан будаа, модон эдлэлүүдтэй хамт хар тамхи нууцаар тээвэрлэж байсан аж.
Бичиг баримтын хувьд эдгээр компаниуд хууль ёсны үйл ажиллагаа явуулж байсан хэдий ч үнэн хэрэгтээ мафийнхны өмчлөлд харьяалагдаж, Италийн олон ресторан, кафе хар тамхи зөөвөрлөлтийн дамжин өнгөрөх бааз болж байжээ. Түүнээс гадна, эдгээр аж ахуйн нэгжүүдийн эзэд хулгайд өртсөн тухай мэдээлэл үе үе өгч, хууран мэхлэх замаар даатгалын компаниудаас мөнгө авдаг байсан нь тогтоогдсон байна. Хар тамхины худалдаанаас олсон орлогын албан татварыг тэд мэдээж төлөөгүй бөгөөд кокаин наймаалах ажиллагаа Роттердам, Амстердам болон Антверпены боомтуудаар дамжин явагддаг байсан нь мөрдөн шалгах явцад илэрчээ.
Герман улс Италийн мафийг юугаараа татаад байна вэ
Одоо болж буй үйл явдал бол мөсөн уулын зөвхөн орой нь, учир нь, Европын хар зах дээр нийлүүлэгддэг кокаины 60-80 хувийг Калабрийн “Ндрангета” хянадаг гэж Италийн цагдаагийнхан мэдэгдсэн байна. Түүнээс гадна, энэхүү бүлэглэл нь Германы гэмт хэргийн ертөнцийн гол толгойлогчдын нэг юм. Германы Холбооны эрүүгийн хэргийг мөрдөн шалгах газрын сүүлийн тайланд дурдсанаар, Италийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн 585 гишүүнээс 344 нь “Ндрангета” бүлэглэлийнх байсан гэжээ. Уг илтгэлд Сицилийн “Коза Ностра” болон Неаполитаны “Каморра” гэх Италийн хоёр том гэмт бүлэглэлийн тухай мөн дурдагдсан байна.
Нидерланд болон Бельгитэй хиллэдэг Германы Хойд Рейн-Вестфали нь Зүүн Европ руу нэвтрэх үүд хаалга болдгоороо Италийн мафийн хувьд стратегийн чухал бүс нутаг болдог аж. “Эдийн засаг нь хүчирхэг Герман улс тээврийн маш сайн дэд бүтэцтэй бөгөөд гэр бүл нь Италитай ямар нэгэн байдлаар холбоо сүлбээтэй хүмүүс энэ нутагт олноор оршин суудаг. Иймээс Герман улс нь Италийн гэмт бүлэглэлүүдийн хувьд чухал ач холбогдолтой орон болж, тэд өөрсдийн бохир мөнгөө хураан хуримтлуулж, ажил хэрэг үйлдэхэд ихээхэн тохиромжтой газар болгон ашиглаж байна” хэмээн Холбооны эрүүгийн хэргийг мөрдөн шалгах газрын зүгээс тайлбарлажээ. Тус байгууллагын үзэж буйгаар, Италийн мафийн бүлэглэлүүд Германы өмнө болон баруун хэсэгт онцгой идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэдий ч сүүлийн үед зүүн хэсгийн холбооны газар нутгуудад тэдний ажиллагаа ихээхэн идэвхжсэн аж.
Гэмт хэрэгт коронавирус хэрхэн нөлөөлөв
Коронавируст цар тахал “Ндрангета” бүлэглэлийн гишүүдийг шүүх ажиллагаанд саад учруулсан төдийгүй, мафийн бүлэглэлүүдэд нэмэлт боломж олгож байгаа аж. Хаврын хорио цээрийн дэглэмээс шалтгаалж хар тамхины контрбандын схем нурсан хэдий ч эдийн засгийн тогтворгүй байдлын өнгөн дээр гэмт этгээдүүд “мөнгө хурааж хуримтлуулахыг хичээж байна” гэж дээр яригдсан илтгэлд тэмдэглэгдсэн байна.
Холбооны эрүүгийн хэргийг мөрдөн шалгах газраас мэдээлснээр, Ковид-19 цар тахлаас шалтгаалсан нийгэм-эдийн засгийн хор уршиг болон дэлхий нийтийн эдийн засгийн уналт нь гэмт бүлэглэлүүдийн янз бүрийн үйл ажиллагаанд боломж олгож байна гэжээ. Мөн цар тахлын улмаас олон ресторан, кафе хямралд өртсөн учраас зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүд тэднийг ихээр худалдан авч байна. Тэд ресторануудын бүхэл бүтэн сүлжээг худалдан авч гуравдагч этгээдэд хариуцуулж байгаа хэдий ч алсдаа энэ салбараас олсон орлогыг мафийнхан авах болно” гэж эрэн сурвалжлагч сэтгүүлч Давид Шравен өгүүлжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nБид хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах зорилгоор хувь хүмүүсийн хооронд зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй шууд холбоо барьж зээл авах хүсэлтэй байгаа хэмжээ, эргэн төлөлтийн хугацааг хэлнэ үү.\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37