Каталоны Барселона хотын хэвлэлүүд өнөөдөр “Манай багийн түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгчийн 2470 өдрийн (2014.01.23-2020.10.27) хаанчлал төгслөө” гэсэн гарчигтайгаар гарлаа.
Өнгөрсөн Даваа гарагт мэдээлэл хийхдээ хаашаа ч явахгүй гэж гүрийж байсан ерөнхийлөгч Жозеп Бартомеу өчигдөр Захирлуудын зөвлөлийн хамт огцорч байгаагаа мэдэгдсэн юм. Албан мэдэгдлээ тэр Аваргуудын лигийн тоглолтын дундуур хийсэн бөгөөд Барсагийн фэнүүдийн хувьд гэнэтийн бэлэг байлаа гэхэд болно.
Бартомеу яагаад огцрох болов?
Тэр хаад ноёд хаан ширээтэйгээ үхтлээ зууралддагийн нэгэн адил Барсагаас явахгүй гэж үзэлцсээр байлаа. Харин хөгжөөн дэмжигчдийн хүчтэй шахалт дор албан тушаалаа өгөхөөс өөр аргагүй болсон. Каталонд багийнхаа ерөнхийлөгчийг огцруулахын тулд балиашгууд хоёр алхам хийхэд л болдог. Эхлээд нийтийн санал асуулга зохион байгуулахын тулд сосьосын 15 хувийн гарын үсэг цуглуулах ёстой. Сосьос гэдэг нь багт татвар төлдөг, албан ёсоор бүртгэлтэй гишүүд юм. Хангалттай хэмжээний гарын үсэг цугларсны дараа 150 мянган сосьос санал асуулга явуулж, 60-аас дээш хувь нь ерөнхийлөгчид итгэхгүй байгаагаа илэрхийлэхэд л халж чадна.
Эхний алхмыг Барселонагийн балиашгууд тэр дор нь гүйцэтгэсэн. 15 хувиас хамаагүй олон гарын үсэг ирсэн байлаа. Багаас санал асуулга зарлах ёстой байсан боловч Бартомеу фэнүүдэд хөөгдөөд явахыг хүссэнгүй. Тэр янз бүрийн аргаар саад болсоор байв.
Ингээд эцэст нь Каталоны засгийн газраас энэ долоо хоногийн эцсээр буюу 11 дүгээр сарын 1-2-нд Камп Ноу цэнгэлдэхэд санал асуулга явуулах шийдвэр гаргав. Бартомеу зөвшөөрсөнгүй. Тэрбээр багийн гишүүн сосьос нарын дундаж нас 58. 60-аас дээш насны хүн 40 мянга байгаа тул цар тахлын хоёр дахь давлагааны үед цэнгэлдэхэд очих нь халдвар тархах эрсдэлтэй гэж шалтаг тооцсон юм. Бартомеу санал асуулгыг 11 дүгээр сарын 15-16-нд 21 тойрогт явуулах санал гаргалаа. 21 тойргийн 13 нь Каталонд, 8 нь Испанийн өөр мужуудад байлаа. Гэвч Каталоны Засгийн газар татгалзсан хариу өгсөн юм.
Огцрох хэвлэлийн бага хурал дээр Бартомеу “Бид сосьос нарын эрүүл мэнд, тэдний сонгох эрхийн аль нэгийг сонгох шаардлагатай болсон. Тиймээс санал асуулгыг зохион байгуулахгүйгээр огцрохоор шийдлээ” гэж мэдэгдсэн юм. Тэр сосьос нарт хөөгдсөнөөс өөрийн хүслээр албан тушаалаа өгөхийг илүүд үзжээ.
Месситэй хийсэн “дайн”, багийн хямрал (Ла Лигийн 12-р байр!), Пикегийн шүүмжлэл бүхий шинэ ярилцлага Бартомеу болон түүний зөвлөлийн огцрох явдлыг түргэсгэлээ. Жозеп зүгээр яваад өгсөнгүй. “Бид ирээдүйн Супер лигт оролцоно, багийн академи тун сайн ажилладаг болсон” гэж өөрийгөө сүүлийн удаа өмгөөлсөн юм. Хэзээ хэрэгжих нь үл мэдэгдэх Супер лигийн тухай ярихдаа тэр багаа санхүүгийн найдвартай байдалд оруулаад гарч байна гэж харуулах гэсэн бололтой.
Цаашдаа яах вэ?
“Барселона” багийн дүрэм, журманд энэ талаар тодорхой заасан байгаа.
• Захирлуудын зөвлөл огцорсноор багийн удирдлага Удирдах комисст шилжинэ. Энэ комисс нь хамт олноор удирдах байгууллага юм.
• Комиссын тэргүүнээр Багийн Эдийн засгийн комиссын тэргүүн сонгогдоно. Одоо энэ албан тушаалд Карлес Тускетс ажиллаж байгаа. Тэр Барсаг түр зуур удирдах болно. Карлес огцорсон Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд байгаагүй билээ.
• Удирдах комисс 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Дүрэм ёсоор шинэ комиссын гишүүдийн 50 хувь нь өмнөх удирдах байгууллагын гишүүн байх ёстой.
• Ойрын хугацаанд Удирдах комисс Захирлуудын зөвлөлийн үүргийг гүйцэтгэх болно. Тэд гурван сарын дотор шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй.
Сонгуульд хэн оролцох вэ?
Нэр дэвшигчид дунд Бартомеуг унагаахын төлөө хамаг бүхнээ зориулсан Жорди Фарре, ерөнхийлөгч асан Жоан Лапорта, Бартомеуг байнга шүүмжилдэг байсан Виктор Фонт, мөн Тони Фрейша, Ксавье Вилахоана гэсэн эрхмүүд байна.
The Athletic-д бичсэнээр Виктор Фонт хамгийн сонгогдох магадлалтай байгаа гэнэ.
Түр зуурын босс Тускетс гэж хэн бэ?
Тускетс Барсад маш олон жил багийг удирдсан Ерөнхийлөгч Хосеп Луис Нуньесийн (1978-2000) үед ирсэн. Тэр үедээ дээд удирдлагад багтсан хамгийн залуу менежер болж байв. Санхүүгийн салбарт 40 гаруй жил ажилласан. “Trea Capital” хэмээх санхүүгийн хувийн компанитай. Европын санхүүгийн төлөвлөгөөний комиссын дэд ерөнхийлөгч, Испанийн Хөрөнгө оруулалт, тэтгэврийн сангийн дэд ерөнхийлөгчийн сонгуультай. Эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн тусламж, үйлчилгээний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байсан.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн мэдээ байна.\n