Лукашенко 2 жүдочийг шигшээ багаас хөөж, ажлаас нь халжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Беларусын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн ард түмний хөдөлгөөн өрнөөд 80 хонолоо. Засгийн газар жагсагчдын шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул энэ сарын 25-наас эхлэн, Бүх нийтийн ажил хаялт зарлаад байгаа билээ.

Спортынхон энэ хөдөлгөөнөөс хойш суугаагүй. Тамирчин, дасгалжуулагч, спортын багийн албаны хүмүүс гэсэн 800 хүн нээлттэй захидал бичиж, Александр Лукашенког Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарласан. Энэ захидалд гарын үсэг зурсан тамирчдыг мөрдөн мөшгих үйл ажиллагаа Беларуст үргэлжилсээр байна.

Энэ удаад жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Дмитрий Шершань, Александр Ваховяк нар хэлмэгдлээ.

Шершань

Дмитрий Шершань хоёр удаа Европын АШТ-ээс медаль хүртэж байсан. Гран При, Их Дуулга тэмцээнд олон удаа шагналын тавцанд гарч, Риогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байлаа. Александр Ваховяк жүдо, самбо бөхөөр Беларуст олон медаль авчирч байсан алдартай тамирчин.

Гэвч тэднийг эсэргүүцлийн захидалд гарын үсэг зурж, иргэний үүргээ биелүүлснийх нь төлөө шигшээ багаас хассан төдийгүй албан ажлаас нь халжээ.

Ваховяк

Ваховяк Дотоод хэргийн яамны хамгаалалтын албанд ахмад цолтой ажиллаж байв. Харин Шершань Хил хамгаалах албаны дэслэгч байсан. Одоо хоёулаа ажилгүй, бэлтгэл хийх газаргүй байна.

Дмитрий Шершань “Александр бид хоёр Токиогийн олимпод оролцох боломжтой байгаа тул тэмцээн уралдаанд оролцмоор байна. Шаргуу бэлтгэл хийх шаардлагатай байгаа. Эх орон минь бидний Беларусын төрийн далбаан дор барилдахыг хүсэхгүй байгаа  бол одоо бидэнд ОУОХ-ны далбаан дор тэмцээн уралдаанд орохоос өөр зам үлдсэнгүй” гэж ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top