Саяхан болж өнгөрсөн ОХУ-ын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд Якутын баг тун амжилтгүй оролцож, сүүлийн 16 жилд анх удаагаа медальгүй харьжээ. Энэ талаар Ясиа агентлагт ярилцлага өгөхдөө Якутын шигшээ багийн дасгалжуулагч А.Оконешников цар тахал буруутай гэж мэдэгдсэн байна.
-УАШТ-д хэрхэн бэлтгэсэн бэ? Цар тахлын улмаас хэцүү байсан уу?
-Энэ жил тун хэцүү жил болж байна. Манай багийн зарим гишүүн коронавирус туссан, эдгэсэн ч формондоо орж амжсангүй. Мэдээж бүх юманд өвчин эмгэг буруутай биш л дээ. Гэхдээ нөлөөлсөн нь үнэн. Эхлээд бид УАШТ дөрөвдүгээр сард Буриадын Улаан-Үдэд болно гээд бэлтгэж байлаа. 23 бөх цугларалтад дуудаж, бэлтгэл ханаж байтал тэмцээн цуцлагдсан. Ингээд 3,5 сар хөл хорионд суулаа. Бүгд гэрийн нөхцөлд бэлтгэлээ хийсэн. Зун хоёр, намар бас хоёр цугларалт хийсэн. Гэтэл УАШТ-ий өмнө нэг жинд оролцох бөхийн тоог 12 болгож цөөллөө. Ингээд манай баг 12 бөхтэй үлдсэн. Дагестаны бөхчүүд зун коронавирусний халдвар аваад эдгэчихсэн болохоор тэдэнд бэлтгэх хугацаа хангалттай байлаа. Харин буриадууд яг тэмцээний өмнө халдвар авсан. Бид хоёр сарын дотор формондоо орж чадсангүй. Хөл хорио, цар тахал нөлөөллөө.
-Бэлтгэлийн системээ хүнд үед тааруулан өөрчлөх бодолтой байгаа юу?
-УАШТ-ий дараа хурал хийж, бүх асуудлыг хэлэлцсэн. Би 2020 оны гуравдугаар сард шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болсон цагаасаа хойш шинэчлэлт хийж байгаа. Шигшээ баг залуучууд, өсвөрийн шигшээгийн багш нарыг нийлүүлээд нийт 9 дасгалжуулагчтай. Юуны өмнө биеийн бэлтгэлд анхаарахаар боллоо. 12 дугаар сараас энэ талын мэргэжилтэн Алексей Некрасов ажиллаж байгаа. Манай бөхчүүд их жин хасдаггүй, дээд тал нь таван кг хасдаг. Бие сайтай бөх хоёр цагт л сэргэлт авдаг. Тэмцээнд явахдаа бугын шинэ мах авч явдаг. Бугын мах тэсвэр хатуужлыг сайжруулж, хурдан сэргэлт өгдөг тустай. Сэргэлтийн тал дээр манай холбоонд шинжлэх ухааны тусгай тасаг ажилладаг. Мөн сэтгэл зүйчидтэй.
-Шигшээ багт сахилга батын асуудал ямар байна?
-Маш хатуу чанга. Дүрэм журам зөрчих, хүндэтгэх шалтгаангүй бэлтгэлээс хоцрох, таслахад шигшээ багаас шууд хасдаг. Цалин, урамшуулал, цугларалтын үеэр үнэгүй хоол, хангамжгүй болж байгаа юм.
-Шигшээ баг цаашид яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?
-Оросын өөр хот, мужаас дасгалжуулагч урих яриа бий. Бид якут бөхчүүдээ Москва зэрэг газарт гэрээ байгуулан, бэлтгэл хийлгэдэг болсон. Дараагийн тэмцээн Ярыгиний Гран-при байх болно. Красноярскт болох энэ тэмцээнд амжилттай оролцохын төлөө одооноос ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )