KHABIB vs JONES: Хэн нь шилдэг вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

АНЭУ-ын Абу-Дабид болсон UFC 254 тэмцээнд Жастин Гэтжиг ялсныхаа дараа хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедов UFC холбооны жин харгалзахгүй шилдэг тулаанчийн чансааг анх удаагаа тэргүүлсэн билээ.

Энэ шийдвэр зарим хүнд таалагдаагүйн нэг нь UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Жон Жонс байлаа. Жонс уг нь энэ чансааг тэргүүлж байсан бөгөөд Бямба гарагт болсон Хабибын ялалтын дараа хоёрдугаар байрт буусандаа ихэд дургүйцсэн юм.

Ингэхэд энэ хоёр тулаанчийн хэн нь шилдэг вэ?

1. Тулааны тоо

Жон Жонсоос эхлэе. Жон UFC холбоонд 22 тулалдсан. Нэг ялагдал, нэг хүчингүй тулаантай бөгөөд 20 ялалттай. Үүнээс 14 нь аваргын бүсийн тулаан гэж байгаа. Тэр найм дахь тулаандаа аваргын бүсийн төлөө тулалдаж байлаа.

Харин Хабибын UFC холбоон дахь зам ороо бусгаа байлаа. Олон удаа гэмтэж, нэлээд хэдэн тулаан нь цуцлагдаж байв. UFC холбоонд 13 ялалт байгуулсан. Арав дахь тулаандаа аваргын бүсийн төлөө тулалдаж, аварга болж байлаа. Үүнээс дөрөв нь аваргын бүсийн төлөө болон хамгаалах тулаан. Энд хэн илүү нь тооноос илт харагдаж байна.

2. Тулаанд давамгайлах байдал

Яг одоо бол Хабиб өрсөлдөгчдөө хамгийн их давамгайлж ялдаг тулаанч. Хабибын дарамт шахалтад орсон өрсөлдөгч нь бэлтгэлийн манекен, мешок болон хувирах нь олонтаа. Жон Жонс сүүлийн үед илт давамгай байдлаар ялахгүй байгаа. Хамгийн сүүлд Энтони Смитийг л илт илүүрхсэн болов уу. Смитийг ялснаасаа хойш хийсэн тулаанууд нь үзүүштэй сайхан биш болж ирсэн. Гэхдээ урьд өмнө Жонс тулааны бүх техникээр өрсөлдөгчдөө дарамталдаг байсныг Хабиб ч онцолж байсан удаатай.

Энэ үзүүлэлтээр Хабиб илүү нь тодорхой байна.

3. Хэрэг төвөг

Жон Жонсыг энэ төрлөөр давах хүн ховор. Тэр хар тамхи хэрэглэж, тулааны өмнө үдэшлэг зохион байгуулж, согтуудаа машины осол гаргаж, допингийн шалгалтад олон удаа бүдэрч байсан. Харин исламын шашинт Хабиб энэ тал дээр цэвэр. Конор МакГрегортой хийсэн тулааны дараа тэдний багийнхантай зодолдсоныг эс тооцвол тэр шүү дээ. Мөн Артем Лобовыг цохьсон, рэп дуучдыг Дагестанаас хөөсөн, Диастай мөргөлдсөн зэрэг хэрэг тарьсан ч энэ бүхэн Хабибын нэр төрийг бараг унагаагүй. Допингийн асуудалд ч орооцолдож байгаагүй билээ.

4. Олон нийтийн сүлжээ, нэр алдар

Одоогийн байдлаар Хабиб холимог тулааны хамгийн том од. Нэр алдраар Конорыг хэдийн гүйцсэн. Фэнүүд түүний тулааныг үзэхийг хүсдэг. Тамирчин алдар хүнд өндөр байх тусам UFC холбоондоо их мөнгө оруулдаг. Жон Жонсыг харин холбоонд их орлого оруулдаг тамирчин гэж хэлэхэд хэцүү байгаа. Түүний хамгийн сүүлийн олны сонирхлыг татсан тулаан нь UFC200 тэмцээний Кормьетэй хийх тулаан байлаа. Гэвч Жонс подинг хэрэглэсэн нь тогтоогдоод гурав хоногийн өмнө хасагдсан билээ.

Энэ бүхнийг дүгнэхэд Хабиб UFC холбооны жин харгалзахгүй шилдэг тулаанчийн чансааг тэргүүлэх нь аргагүй юм. Түүний замнал, хувийн амьдрал, аавыгаа алдсан гээд үзэгчдийг татах зүйл маш олон. Харин Жон Жонс хэдийгээр шагналын тоогоор илүү ч  замнал нь уруудаж байгаа нь илт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top