“Удган”, “Бичигт хадны домог”, “Урд уулын зэргэлээ”, “Цагаан сүүний домог” зэрэг 100 гаруй өгүүллэг туурвиж “Утгын чимэг” наадмын дөрвөн удаагийн дэд байр, “Алтан өд” -ийн эзэн, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ц.Түмэнбаяртай ярилцлаа.
-Таныг радио электроникийн мэргэжилтэй гэж сонссон. Чухам утга уран зохиол руу шимтэн орох шалтгаан нь юу байв даа?
-Одоогийн Холбоо мэдээллийн технологийн сургууль, тухайн үеийн Холбооны техникумийг 1979 онд Радио электороникийн мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны академийн Физик техникийн хүрээлэнд хоёр жил, Дорноговь аймгийн холбоонд нэг жил, Радио релейний төв станцад таван жил ажилласан. Мэргэжлээрээ найман жил ажиллаад 1990 оноос сэтгүүлч мэргэжлээр Барилгачдын хэвлэлийн нэгдсэн редакц, “Засгийн газрын мэдээ”, “Ардын эрх” сониноос эхлээд сэтгүүл зүйн салбарт 30 жил ажиллажээ. Утга уран зохиолд хүүхэд наснаасаа дурлаж, шимтэж ирсэн. Ажилчны районы утга зохиолын нэгдэлд 1977 оноос эхлэн явдаг байв. Анхандаа шүлэг бичиж байгаад 1985 оноос өгүүллэг бичиж эхэлсэн. Багаасаа өгүүллэг оролддог байсны дээр С.Эрдэнэ баавай, С.Пүрэв багш хоёр маань өгүүллэг бичихэд голлох нөлөө үзүүлсэн. МЗЭ-ийн дэргэдэх Д.Пүрэвдорж багшийн эрхэлсэн яруу найргийн тэнхмийг 1980-аад оныхны ихэнх нь дамжин уран зохиолчдын хүрээнд орж ирсэн. Жишээ нь, Д.Төрбат, С.Жаргалсайхан, Д.Нямаа, Б.Энхтуяа, П.Баярсайхан, Д.Энхболд, Ц.Чимэддорж, Б.Доржпалам зэрэг шижигнэсэн сайхан залуус байлаа.
-Та “Утгын чимэг” наадамд маш олон удаа орж аман хүзүүдэж байсан. Таныг тэргүүн байрыг атгаад алддаг гэх юм билээ?
-“Утгын чимэг” наадамд 17 удаа орохдоо аравт нь байр эзэлсэн бөгөөд түүнээс дөрөвт нь аман хүзүүдэж байсан. Нарийндаа яривал гурван ч удаа тэргүүн байраас шүүрээд алдсан гэж болно. Зохиолч Д.Намсрай түрүүлдэг жил “Сүүдэр” өгүүллэг маань дэд байр, “Цайны дээж” өгүүллэг гутгаар байр эзэлсэн. Түүнээс хойш Б.Догмидын түрүүлдэг жил “Бичигт хадны домог” өгүүллэгээрээ би дэд байрт шалгарсан. Б.Догмид бид хоёрын оноо тэнцсэн байсан л даа. Тэр жил Б.Догмид Төрийн шагнал авсан байсан учраас нэгдүгээр байрыг өгсөн юм. “Уралын тэс мод”, “Нангиад хатан” өгүүллэгээрээ чанар чансаагаараа тэргүүн байрын өгүүллэгээс дутаагүй гэж боддог. Ер нь заавал тэргүүн байр эзэлснээрээ сайн өгүүллэг ч болохгүй. Аливаа юманд чанар чансаа гэж байдаг. Өгүүллэгийн наадмын тайзнаас буулгүй 17 жил гурван үеийн өгүүллэгчидтэй ач тач үзэлцэж явснаа чансаа гэж боддог.
-Таны бүтээлийн санаа шинэлэг, дүрийн өгөгдөл сайтай байдаг. Таны “Монгол гутал”, Нангиад хатан”, “Урд уулын зэргэлээ, “Тэнгэрийн зүүд”, Лууны зулзага” гээд олон өгүүллэг нь жүжиг болон радио, телевизийн зохиомж болсон. Ер нь сүүлийн үед жүжгийн зохиолын чанар чансаа хэр байна вэ?
-Зохиолоо жүжиг болно гэж бодож бичдэггүй. Гагцхүү дүрээ тодорхой гаргахын төлөө ухаанаа зарна даа. Мод, чулуу, амьтан ч байна уу тэр бол дүр. Амьдралд зөрчил, ааш араншин, үйл хөдөлгөөн, яриа бүх юм байдаг. Дүргүй бол өгүүллэг болоход хэцүү. Нэг удаа СУИС-ийн тайзны ярианы уралдаанд шүүгчээр суусан чинь 16 өгүүллэгийн тал нь миний өгүүллэг байсан. Өөрийнхөө бүтээлийг шүүгээд суух хэцүү юм, өөр өгүүллэг сонгож болдоггүй юм уу гээд багш нараас нь асуусан. Тэгтэл “Таны бүтээл товч бөгөөд тодорхойгоос гадна дүр нь тод байдаг” гэж хэлсэн. Найруулагч, жүжигчин бэлтгэхэд тийм л бүтээл чухал гэж хэлсэн дээ. “Удган” өгүүллэгээ маш их судалгаа хийж, ном уншиж байж бичсэн. Нэг хүн дээрх хоёр өөр хувь заяаг харуулсан. Эх хүн, удган гэдэг хоёр хувь заяаны зөрчлийг гаргахыг хичээсэн. Энэ хоёр хувь заяаны аль нь дийлэх вэ гэдэг асуултыг тавьсан. Хэрэв тэнгэрээс өгсөн удган заяа нь дийлсэн бол тэр хүн тайгадаа л байх байсан. Энэ хүнийг үрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй эх хүний заяа нь дийлсэн. Миний ихэнх өгүүллэгээр СУИС, КУДС тайзны болон дэлгэцийн богино хэмжээний кино, жүжиг, зохиомж найруулж 200-аад бүтээл хийсэн байдаг. “Цагаан сүүний домог”, “Том болгодог эм”, “Цайны дээж”, “Нүцгэн натур” зэрэг өгүүллэг уран сайхны кино, “Мэргэнд буусан чоно” өгүүллэг бүжгэн жүжиг, “Шинэ жилийн цагаан шөнө”, “Өндгөн эс” өгүүллэгүүд маань радио жүжиг, “Сумтай үзэг” өгүүллэг тайзны жүжиг болсон бол “Том болгодог эм”, “Өндгөн чулууны домог”, “Ганц бие хөгжимчин”, “Нүцгэн натур”,”Урд уулын зэргэлээ” өгүүллэгүүд маань теле зохиомж болсон. Ер нь шүлэг бичихэд сэтгэл хөдөлж байж бичдэг бол өгүүллэг бичихэд сэтгэл хөглөгдөж байж бичдэг. Санаа бүхэн шүлэг болохгүй, үйл явдал бүхэн өгүүллэг болохгүй. “Өндгөн чулууны домог”-ийг 10 настайдаа анх сонсоод дотроо загасны тухай бодоод л яваад байлаа. Хэд хэдэн удаа бичих гээд оролдсон боловч нэг л болж өгдөггүй. 20 жилийн дараа түүнийг бичих санаагаа геологич Гонгоржав багшийн гаргасан чулууны үзэсгэлэнг үзэж уран санаагаа олсон. Устай чулуунд нутгийн хүйс байдаг учир хамаагүй чулуу авч явж болдоггүй юм гэнэ лээ. Тэр чулууны ус нь ширгээд загас нь үхсэнээс хойш, хүүхэд нь хөлсөж уйлаад, ган болдог. Энэ л өгүүллэгийн уран санаа болж байгаа. Залуу зохиолч нар бүтээлийнхээ уран санаа, дүр дээр маш сайн анхаарах хэрэгтэй юм.
-Эмэгтэй хүнд утга зохиолын ертөнцөд оршин тогтнох харгис хатуу байдаг гэлцдэг. Сүүлийн үед эмэгтэй зохиолчид олон болжээ. Түүхэн роман ч их бичиж байна. Энэ талаар таны бодол?
- Утга уран зохиол гэлтгүй аль ч салбарт эмэгтэй хүн эрчүүдээс илүү шалгуур, даваа туулж байж амжилтад хүрдэг. Ялангуяа шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын салбарт. Эмэгтэй хүн амьдралаа авч явна, үр хүүхдээ өсгөнө, бүтээлээ хийнэ. Би “Утгын чимэг” наадамд эрчүүдтэй л уралдаж ирсэн. Гэтэл хүмүүс эмэгтэй зохиолчдоосоо арай гайгүй нь гэх мэтээр ярьдаг. Миний түүхэн өгүүллэгүүдтэй зэрэгцэх түүхэн сэдэвт өгүүллэгүүд төдийлөн гараагүй байх аа. Миний хамгийн том өрсөлдөгч бол Д.Энхболд. Түүхэн роман бичээд байгаа хүүхнүүдээ би буруутгамааргүй байна. Гэхдээ түүхийг гуйвуулсан зүйл бичихэд дургүй. Би өөрөө түүхэн роман бичих гээд оролдож байгаа ч гаргаж зүрхлэхгүй л байна. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай түүхэн зохиол бичээд байгаа хүмүүсийн бүтээлийг роман гэхэд хэцүү санагддаг. Зузаан л бол роман биш. Роман гэдэг юу вэ. Би жинхэнэ романыг уншиж өссөн хүн. “Мандухай сэцэн хатан”, Зүрхний хилэн”, “Цаг төрийн үймээн”, “Халуун салхи”, “Элс, цас” зэрэг жинхэнэ роман, орчуулгаар ч болох нь ээ дэлхийн сонгодог романуудыг уншиж ирлээ шүү дээ. Богино хэмжээнд санаагаа багтаана гэдэг асар их хурц ухаан, романаас ч илүү ур чадвар шаарддаг гэж хувьдаа би боддог. Би Д.Нацагдорж, Пагмадулам хоёрын тухай роман бичихээр зориод эхэлсэн боловч тууж болгохоор шийдсэн.
-Таны дууны уран бүтээлийн сан хэр арвин бэ. “Талын хөх чоно” дуу ч огшоодог шүү?
-Миний хамгийн анхны дуу бол “Аз дутсан сугалаа” дуу л даа. Тэр үед сугалаа энд тэндгүй байлаа. “Цоожтой хаалга”, “Хэний хүүхэд вэ” зэрэг хүүхдийн дуу ч бий.
“Үйлийн үртэй нулимсаа би
Үүдэн дээр чинь асгаруулна”
/дуулав/ гээд дуулдаг “Мартаж болдоггүй сэтгэл” дуугаар дуучин Б.Сарантуяа Шанхайд болсон олон улсын эстрадын дуулаачдын уралдаанд түрүүлж байсан. Д.Түвшинтунгалагийн дуулсан “Ханьдаа” дуу бий.
“Өрөөсөн нүд уйлдаг билүү
Өнчин чавхдас дуулдаг билүү”
/дуулав/. Дуучин Бобо “Намар оройн дуу”, Бурмаа“Дууны сайхан Юндэн”, Сэрчмаа “Цагаан сүүний домог” дууг дуулсан. “Талын хөх чоно” шүлэг бол өвөрмонгол оюутнаа өмөөрч, өмөлзөж бичиж байсан. 2010 оны үед уурхайн хятадууд өвөрмонгол малчныг дайрч алснаас Хөх хотын оюутнууд бослого гаргаж, олон оюутны хувь заяа сэвтсэн. Алуулах нь алуулж баригдах нь баригдсан. “Тусгаар тогтнолын төлөө” жүжгээ бичиж байсан үетэй давхцсаныг ч хэлэх үү, дуу ч хэрэг болсон. Өвөрмонголчуудаа бодож бичсэн шүлэг маань хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр аялгуу зохируулж дуу төрсөн. Э.Төрмандах ч сайхан дуулж “Морин хуур” наадамд гуравдугаар байр эзэлж байсан. Ер нь би хөгжмийн зохиолч Д.Баттөмөр , Ц.Пүрэвхүү, Б.Мөнхболд, Хоовон Энхбаяр зэрэг чадварлаг, авьяаслаг уран бүтээлчидтэй хамтарч дуу бүтээж явлаа. Би ч дуундаа анхаарал хандуулахгүй юм даа. Одоо жаахан анхааръя гэж бодож байгаа.
-Нэг үе Улсын архивын газарт ажиллаж байсан байх аа. Эртний монгол бичгээрээ уншдаг цөөхөн хүний нэг гэж сонссон. Ер нь төрийн бичгийг монгол бичгээр явуулах талаар ямар бодолтой байдаг вэ?
- Улсын архивын газарт 1980-1985 онд хүртэл бичээч, архивч бичээчээр ажиллаж байлаа. Залуу архивчдын түүх, монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд монгол бичиг, түүхийн хичээл зааж, шалгалт авч,сайн сурсаных нь цалинг нэмж байлаа. Хар багаасаа түүх сонирхдог байсан бөгөөд архивт ажилласан он жилүүд намайг чиглүүлж залж өгсөн. 1630 хэдэн оноос хойш 1952 он хүртэлх 300 гаруй жилийн түүхийг монгол бичгээр уншиж судлах том боломж олгосон. Дээр нь Богдын тал бичээч байсан Цэрэнлхам гуайгаар эртний бичиг уншихыг заалгаж байлаа. 1990 онд төр солигдоход МУИС-ийн дэргэд Өвгөнхүү багшийн удирдсан монгол бичгийн арван хурууны бичээч, багшийн дамжаанд суралцсан.
Төрийн хэргийг монгол бичгээр явуулах нөхцөл нь одоо бол бүрдсэн гэж боддог. 1990 оноос хойш монгол бичгийг төрийн бичиг болгоно гэсэн кампанит ажил эхэлж, Үндэсний телевизээр Ш.Чоймаа багш монгол бичгийн хичээл зааж, монгол бичгийн сурах бичиг хэвлүүлж, албан байгууллагууд хаяг, албан бланкаа монгол бичгээр бичдэг болсон. Монгол бичгийн машиныг Өвөрмонголоос захиалж авчирч байсан Ерөнхий боловсролын сургуулийг монгол бичигт шилжүүлж эхэлтэл нөхцөл нь бүрдээгүй, багш нар нь ч бэлтгэгдээгүй байсан учир буцаад кирилл бичиг рүү шилжсэн. Үүнээс гадна техник технологи, байгалийн шинжлэх ухааны баримт бичгүүдийг монгол бичиг рүү хөрвүүлэхэд мэдээжийн хэрэг тодорхой төвөг чирэгдэл гарч байсан. Сүүлийн 30 жил хүмүүс сүрхий сайн биш юмаа гэхэд монгол бичигтэй болжээ. Монгол хэл, уран зохиол, түүх, нийгмийн шинжлэх ухааныг салбарыг монгол бичгээр явах боломжтой. Мөн өвөрмонголчуудынх шиг цахим орчинд монгол бичгээр бичих боломжийг бүрдүүлэхгүй бол бид махан бодоор титэм, шилбэ, шүд гээд нэг бүрчлэн бичиж байгаа нь бэрхшээлтэй. Аливаа улсын төрөлх хэл бичиг гэдэг үндэстний дархлаа байдаг учир бид монгол бичиг рүүгээ аяндаа шилжих ёстой. Үндэстний сэтгэхүй нь ахуйтайгаа холбоотой байдаг. Ахуйн сэтгэл зүйн илэрхийлэл нь үг, хэл, яриа байдаг. Монгол зүйр цэцэн үгийг монголчууд л ойлгоно шүү дээ. Энэ бол дархлаа. Даяаршсан нийгэмд үндэсний дархлаагаа авч явах амин чухал асуудал бол монгол бичиг юм.
-Даяаршсан нийгэмд бидний хойч үе цахим орчин, хотын соёлд уусаад уламжлалт нүүдэлчин ахуйгаасаа алсарч байна. Ном уншихаа больсон хүмүүсээс хойшид юу хүлээх вэ?
-Үндэстний хэл, бичиг соёлоороо л тархинд нь суулгах боломжтой. Гэхдээ 13 дугаар зуунаараа амьдар гэсэн үг биш. Тэр үед дэлхийн хурд бол монгол морины хурд байсан. Түүн шиг техник технологи хөгжсөн энэ эринд монгол хүний ген дэлхийд үнэт цэнтэй байна. Жишээ нь, хиймэл оюун ухаан, техник технологийн олон салбарт монгол залуус оюун ухаан, мэдлэг чадвараараа тэргүүлж байна. Еврейчүүд оюун ухаанаараа тэргүүлж, дэлхийн 13 том байгууллагын толгойд сууж байна. Бид хойч үедээ дэлхийн хэмжээний монгол хүнийг гаргаж ирэх ёстой болохоос биш дэлхийн хэн ч биш үндэстэн, ялгарахгүй хүнийг бэлтгэх ёсгүй. Бүх л салбарт монгол хүн бие бялдар, оюун ухаанаараа цойлж гарах бүрэн боломжтой. Монголчууд хүн төрөлхтний үеийн үед бүтээсэн шинжлэх ухаанаас суралцаж, гадаад хэлийг ч эзэмших учиртай. Хүн бүр гадаад хэлтэй байх албагүй ч тодорхой хэмжээний хүмүүс гадаад хэлийг сурах ёстой. Мэдээллийн эринд байгаа болохоор хүмүүст ном унших цаг зав ховор байна. Ном уншуулах гэж хүчлэх арга байхгүй. Монголчууд хөгжиж дэвшиж байна гээд бэлчээргүй болгоод л мал аж ахуйгаасаа салж огт болохгүй. Малчдын ахуй нөхцөл, соёл боловсролыг орхигдуулж болохгүй. Нялх багаас нь л үүх түүх, хэл заншил, эх оронч сэтгэлийг хөгжилтэй зэрэгцүүлэн төлөвшүүлэх учиртай юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
сайхан ярилцлага байна. Нээх сайхан чанартай
ta mundag shuu, ulam ihiig buteej tuurvij nud chihiig maani myalaagaarai, taniig eregtei hun l gej boddog bailaa gej kkkk, amjilt husie
Танд уран бүтээлийн амжилт хүсье, таны зохиолыг эрэн байж олж уншдаг , 2000 оноос хойших таны фэн уншигч байна. Таны номууд олддоггүй, номын сангуудаар байдаггүйн билээ, над Дөргөн хатны алтан ззос гэдэг ном тань бий. Байн байн уншдаг юм. Үнэхээр түүхэн үйл явдлыг маш товч тодорхой гаргадаг тул нуршсан зузаан ус ихтэй роман уншиж цагаа үрснээс таны часхийсэн туужийг унших сайхан байдгийн. Танд хамгийн сайхан бүхнийг хүсье