Дарья Белодед: Дахин тэмцээнд орох бололцоо олгосон Бурханд баярлалаа

2020 оны 10 сарын 30

Цар тахлын хөл хорионы дараах анхны тэмцээн нь Будапештэд явагдсан Унгарын Их Дуулга байлаа. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн дэлхийн хошой аварга Украины Дарья Белодед тус тэмцээний 52 кг-д барилдаж, хүрэл медаль хүртсэн юм. 172 см өндөр тул дээд жингийнхэн дунд ч тэр жижигхэн харагдахгүй байлаа. Гэвч хэсгийн аваргын төлөө барилдаад Андреа Читуд (Румын) ялагдсан билээ.  

Дарья тэмцээний дараа фэнүүддээ хандан, олон нийтийн сүлжээгээр мэндчилгээ илгээсэн юм.
 

“Бүтэн найман сар тэмцээн уралдаангүй байсны эцэст дахин барилдлаа. Энэ бололцоог өгсөн Бурхандаа баярлалаа. Яагаад гэвэл гадаад улс орнуудын маш олон тамирчин бэлтгэл хийж чадахгүй, олон улсын тэмцээнд ч оролцож чадахгүй байгаа билээ. Урьд өмнөх шиг дэлхийн өнцөг булан бүрт тэмцээн уралдаан зохион байгуулагддаг болоосой гэж хүсэж байна.
 

Би анх удаа өөр жинд барилдлаа. Одоогийн ийм нөхцөл байдалд жингээ хасах нь эрүүл мэндэд муу гэж бодон, ийм шийдвэр гаргасан юм. Тэмцээн уралдаанд оролцолгүй удсан болохоор дасгалжуулагч нар ч, би өөрөө ч 52 кг-д барилдахаар шийдсэн. Мэдээж би хүрэл медальдаа сэтгэл хангалуун биш байна. Би алтан медалийн төлөө л барилддаг. Гэхдээ энэ удаагийн тэмцээн маш том туршлага болж өглөө. Өөр жинд, өөр өрсөлдөгчидтэй гар зөрүүлж үзлээ.

Дахин тэмцээнд оролцох боломж гарсанд маш их баярлаж, аз жаргал мэдэрсэн шүү. Тэмцээнгүй үед үнэхээр хүнд хэцүү байлаа. Хичээж зүтгэх хүсэл ч төрөхөө больж, уйтгартай, гунигтай байсан. Харин одоо дахин тэмцээн уралдаанд оролцох болсондоо их баяртай байна. Жүдо бөхийн холбоондоо талархал дэвшүүлье” гэж бичжээ.
 


Мэдээж Дарья Токиогийн олимпын наадамд 48 кг-ийн жинд барилдана. Харин ирэх 11 дүгээр сарын 19-нд Чехийн Прага хотод эхлэх Европын аварга шалгаруулах тэмцээнд ямар жинд барилдах бол гэдэг нь сонирхол татаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top