Ямар дэвжээ ХАМГИЙН ОЛОН бөхтэй вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 02

Японы сүмо бөхийн холбооноос энэ сарын 8-нд Токиод эхлэх арваннэгдүгээр сарын тэмцээний банцүкэг зарласан. Шинэ банцүкэд нийт 670 бөхийн нэр багтсан байгаа.

Ингэхэд хамгийн олон бөхтэй, том дэвжээ хаанах вэ?
 


35 сүмочтой "Садогатакэ" дэвжээ өнөө цагийн хамгийн хүчирхэг дэвжээ болоод байна. Намрын тэмцээний дараа хоёр бөх нь зодог тайлсан ч тэд 2000 оны эхэн үеийн "Фүтагояма", "Мүсашигава" дэвжээ шиг том дэвжээ болжээ. Макүүчи дээд зиндаанд 4 бөх, макүшитад 7 бөхтэй гэхээр үнэхээр бэлтгэл нь ч гал гарсан, үр дүнтэй болж, бөхчүүд нь ч хоорондоо өрсөлдсөөр цол ахих боломжтой дэвжээ юм.

Дараа нь 30 бөхтэй "Кисэ" дэвжээ орж байна. Намрын тэмцээний дараа мөн хоёр бөх зодог тайлсан ч Жокорюү, Үра нар жюүрёод дахин гарч ирсэн. Дээд зиндааны 2, жюүрёод 5 бөхтэй, долоон сэкиторитой нь Коконоэ дэвжээтэй ижилхэн байна. Коконоэ дэвжээ дээд зиндааны 3, жюүрёогийн 4 бөхтэй билээ.

30 давсан бөхтэй энэ хоёр дэвжээний дараа 28 бөхтэй "Таманои", 27 бөхтэй "Коконоэ", тус бүр 23 сүмочтой "Сакайгава", "Такадагава", "Хаккакү" дэвжээнүүд, 22 бөхтэй "Такасаго", 21 бөхтэй "Ойтэказэ", 20 бөхтэй "Шикихидэ" дэвжээ жагсаж байна. Бусад дэвжээ 20-иос бага бөхтэй байгаа юм.  

Бөхчүүдийг нутаг усаар нь ангилж үзвэл 670 бөхийн 55 нь Токио, 37 бөх Осака, 35 бөх Айчи муж, 34 бөх Фүкүокагийн уугуул. Өөрөөр хэлбэл башё явагддаг дөрвөн хот, муж хамгийн олон бөхтэй байгаа юм. Харин дээд зиндаанд хамгийн олон бөхтэй нь найман бөхтэй Монгол бичигджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top