Даам: Шинэ аваргууд мэндэлсэн АХМАДЫН УАШТ 2020

2020 оны 11 сарын 02

Монголын даамын холбооноос Ж.Нямдорж агсны нэрэмжит ахмад даамчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээ 10-р сарын 30-наас 11-р сарын 1-ний өдрүүдэд “Монгол Коосэн” сургууль дээр зохион байгууллаа. 28 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 61 даамчин өрсөлдсөн юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 51-64 насны ангилалд 27 даамчин швейцарь системээр 7 өрөг тоглоход адилхан 12 оноотой гурван тамирчин гарсан бөгөөд нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн давуугаар спортын мастер Б.Ганзориг (Алдар) аваргалж, ДДХМ Д.Ганболд (Энэрэл), спортын мастер Б.Батжаргал (ББЖ мастер) нар удааллаа. Гадаадад олон жил ажиллаж, амьдарсан Б.Ганзоригийн хувьд ахмадын УАШТ-д анх удаагаа оролцоод түрүүлсэн нь энэ. Тэгвэл эрэгтэйчүүдийн 65-аас дээш насны ангилалд 26 даамчин ухаанаа уралдуулж, дэд мастер С.Энхээ (БЗД) 12 оноо авсан амжилтаар мөн анхны түрүүгээ хүртэж, спортын мастер Р.Цэнд (БЗД) 11 оноогоор мөнгө, спортын мастер П.Бат-Очир (БГД) 10 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо. Олон жил тогтвортой, тууштай тоглож буй С.Энхээ дээрх амжилтаараа спортын мастер цолны болзлыг хангаж, “давхар цохилт” хийсэн юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд 8 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөнөөс тус тэмцээний олон удаагийн аварга спортын мастер М.Хишигбаяр (Хүч), дэд мастер Г.Пагамжав (Орхон) нар адилхан 11 оноотой гарч, хоорондын тоглолтод хожсоноороо Г.Пагамжав аваргын алтан медалийг мөн л анх удаагаа зүүсэн юм. Хүрэл медалийн эзнээр 10 оноотой дэд мастер Д.Мөнхзаяа (Баянхонгор) тодорсон. Энэ үеэр зохиогдсон түргэн тоглолтын тэмцээнд 34 тамирчин өрсөлдөж, спортын мастер П.Бат-Очир (БГД), Б.Ганзориг (Алдар), ДДХМ Д.Ганболд (Энэрэл) нар эхний гурван байрыг эзэлжээ.

Нээлтийн ажиллагааны үеэр тус тэмцээний 5 удаагийн аварга Р.Цэндийг БТСУХ-ны "Спортын алдар" одонгоор шагналаа. Ивээн тэтгэгчдийн зүгээс тусгай шагналыг спортын мастер Д.Бямбаа (СХД), Г.Сүхбат (Дархан-Уул), дэд мастер А.Оюун (Өвөрхангай), I зэргийн тамирчин Б.Лхагвасүрэн (Улаанбаатар) нарт олгосон юм. Тэмцээнийг уламжлал ёсоор 1986 оны улсын аварга, спортын мастер Ж.Нямдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд 16 дахь жилдээ ивээн тэтгэлээ.

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү.

Эрэгтэй. 51-64 нас

https://results.fmjd.org/…/2020/f_765/final_standings&7.html

Эрэгтэй. 65-аас дээш нас

https://results.fmjd.org/…/2020/f_766/final_standings&7.html

Эмэгтэй

https://results.fmjd.org/…/2020/f_767/final_standings&7.html

Блиц

https://results.fmjd.org/…/2020/f_769/final_standings&8.html

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top