ОХУ-ын шигшээ багийн боксчид зодолджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03

Европын аварга, ОХУ-ын шигшээ багийн боксчин Никита Иванов багийн андаа зодож, хүнд гэмтээжээ. Baza-д бичсэнээр хэрэг хэд хоногийн өмнө болсон бөгөөд боксчид Ульяновскт болсон боксын тэмцээнээс галт тэргээр харьж явжээ.

Архи ууж согтсон Никита Иванов Бассир Мирсиябовтай муудалцаж, зодсон гэх бөгөөд Бассир ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бассир одоо хүртэл ухаан ороогүй байгаа юм. Түүнийг хиймэл амьсгалын аппаратад холбож, амь насных нь төлөө эмч нар тэмцэж байна. Харин хэрэгтнийг Цагдаагийн газраас саатуулжээ.

Иванов

ОХУ-ын Боксын холбооноос энэ талаар мэдэгдэл гаргахдаа “Хэвлэл мэдээллээр Никита Ивановыг ОХУ-ын шигшээ багийн гишүүн бичсэн нь ташаа мэдээлэл юм. Тэр 2008-2014 онд шигшээ багт байсан ч одоо тэмцээн уралдаанд оролцохгүй байгаа. Боксын тэмцээнээс харьж явсан мэдээлэл ч бас ташаа байна. Ульяновскт эмэгтэйчүүдийн АШТ болсон болохоор Иванов тэнд тэмцээнд орсон байх учиргүй. Манай холбоо энэ хэргийг нарийн судалж байна. Зодооны хэрэг болсон нь батлагдвал буруутныг шийтгэх болно. Манай холбоо рингнээс гадна хүчирхийлэл үйлдэхийн эсрэг тэмцдэг. Хохирогчид дэмжлэг үзүүлж, Ивановыг хүмүүжүүлэх арга хэмжээ авна” гэж дурдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top