Энэ сарын 5-нд Иранд 2020 оны чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Арванхоёрдугаар сард Сербид болох дэлхийн аваргын тэмцээнд оролцохоос АНУ, Япон, Казахстаны баг татгалзаад байгаа. Тэмцээн явагдах спорт цогцолбор ковидийн эмнэлэг болон хувирсан гэсэн мэдээлэл ч байгаа юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жил ДАШТ зохион байгуулах эсэхээ 6-ны өдөр шийднэ. Ираны бөхийн холбоо энэ өдрөөс өмнө сонгон шалгаруулах тэмцээнээ амжиж хийжээ.
Гурван жинд ДАШТ-д оролцох бөхчүүдийг өнгөрсөн долоо хоногт шалгаруулсан. Амир Мохаммад Яздани (65 кг), Мостафа Хоссейнхани (74 кг), Али Савадкухи (79 кг) нар эрхээ авсан. Энэ удаад долоон жинд шигшээ багийг бүрдүүллээ.
Олимпын аварга Хасан Яздани (86 кг), Реза Атри (57 кг), Юнес Эмами (70 кг) нар шинжээчдийн таамаглал ёсоор шигшээ багт орсон бол үлдсэн дөрвөн жинд өрсөлдөөн их байлаа.
Жин болгонд оролцсон бөхийн тоо өөр байсан тул барилдааны тоо ч янз янз байв. Хасан Яздани ганцхан барилдаж, Ахмад Базриг 11:0 ялсан. Харин 125 кг-ийн жинд дөрвөн бөх өрсөлдсөнөөс Амин Тахери тэргүүллээ. Аминий хамгийн дээд амжилт нь идэрчүүд, залуучуудын дэлхийн аваргын медаль байсан. Түүнд 2018 оны ДАШТ-ий медальт Парвиз Хади, U-23 дэлхийн аварга Амир Заре, 2019 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий 6-р байрны шагналт Ядоллах Мохеби нар ялагдсан юм.
97 кг-д допингийн 4 жилийн шийтгэлээс эргэн ирсэн 2014 оны ДАШТ-ий медальт Мохаммад Мохаммадиан түрүүлнэ гэгдэж байсан ч Али Шабанид ялагджээ.
92 кг-д Алиреза Карими гэмтлийн улмаас барилдаагүй. Түүнийг эзгүйд U-23-ийн хошой аварга Камран Гассемпур түрүүлсэн байна.
61 кг-д ч шинэ лидер гарч ирсэн нь Мажид Дастан. Тэр 2019 оны дэлхийн аваргын медальт Бехнам Эхсанпурыг ялсан. Гэхдээ Дастан олон улсын тэмцээнд амжилтгүй оролцдог тул ДАШТ-ээс өмнө дахин нэг “шалгалт” авахаар Ираны бөхийн холбонооос шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )