Мэргэжлийн сүмогийн Такасаго ояката ирэх 12 дугаар сарын 9-нд 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах болсон талаар бид мэдээлсэн. Ингэхээр энэ Ням гарагт эхлэх 11 дүгээр сарын тэмцээн түүний хувьд дэвжээгээ удирдах сүүлийн башё болох юм.
Сүмо сонирхогчдын хувьд Такасаго дэвжээг хэн удирдах нь ихэд сонирхол татаж байгаа. Одоо тус дэвжээнд манай Асасэкирюү Б.Дашням буюу Нишикижима ояката, маэгашира асан Асановака буюу Вакамацү ояката хоёр багшилж байгаа билээ. Энэ хоёр оякатагийн нэг нь дэвжээг удирдах болно.
Тэтгэвэрт гарах талаараа Такасаго ояката хэвлэлийн хурал хийн мэдэгдэх үеэрээ дэвжээгээ хэнд өвлүүлэхээ шийдээгүй байгаа гэж хэлсэн. Гэхдээ Японы зарим хэвлэлээр ирээдүйн Такасаго ояката хэдийн тодорсон гэж мэдээлжээ.
Энэ нь манай Асасэкирюү биш Асановака нь гэнэ.
Такасаго дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийн нэгэн гишүүн “Такасаго дэвжээнд хоёр туслах ояката бий. Үүнээс Такасаго ояката Асановакад дэвжээгээ үлдээхээр шийдсэн. Нөгөө нь Монголын уугуул Нишикижима ояката. Түүнийг сонгоогүй шалтгаан нь гадаад бөх болохоор тэр биш. Б.Дашням зөөлөн зантай ч удирдан, зохион байгуулах, зааж сургах чадвар тун сайн. Вакамацү ояката бол Такасаго багшийн нэгэн адил Киндай их сургуулийн угшилтай. Энэ сургуулийг Такасаго багш төгссөн. Одоогийн озэки Асанояма ч энэ сургууль. Тэгэхээр Вакамацү ояката дэвжээг өвлөн авахад сонирхогчдын сүмогийн сайн бөх олонтой Киндай их сургуультай харилцаагаа үргэлжлүүлж, тэндээс байнга шинэ бөх авч чадна гэж үзсэн. Тэгэхээр яагаад хэвлэлийн хурал дээр зарлаагүй вэ гэсэн асуулт гарна. 11 дүгээр сарын башё эхлэхээс яг өмнө өөр асуудлаар сүмогийн ертөнцийг доргиохыг хүсээгүй хэрэг. 12 дугаар сард л албан ёсоор зарлах байх” гэж мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгнэ шдээ.Манай урвагч нар бол тэнд хэн ч биш.айлын хатавч бараадсан гөлөгтэй адилхан.