Исэноүми дэвжээний Б.Төртогтох АРАҮМА нэрээр барилдана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Энэ жилийн Намрын тэмцээнд  ганцхан шинэ бөх шалгалтад орсон нь Монголын Баттогтохын Төртогтох байлаа. Тэр 23 настай. 181 см өндөр. 134 кг жинтэй. Тоттори Жохоку ахлах сургуулийг төгсөөд, Доошишия Их сургуульд суралцан, энэ жилийн гуравдугаар сард төгссөн. Б.Төртогтох Исэноүми дэвжээнд элссэн бөгөөд энэ тэмцээнээс Араүма буюу эмнэг догшин морь нэрээр барилдахаар болжээ.

Б.Төртогтох Баруун Японы шинэ оюутны АШТ-д хүрэл, Баруун Японы оюутны АШТ-ий 135 кг-д хүрэл медаль хүртэж, Бүх Японы сонирхогчдын сүмогийн АШТ-д шилдэг 8-д орж байсан. 2019 онд Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль авч байлаа.

Манай бөх мэргэжлийн сүмогийн гараагаа ялалтаар эхэлжээ. 

Исэноүми бол 1775 онд байгуулагдсан эртний дэвжээ. Уламжлал, ёс заншлаа хадгалан, гадаад бөх авдаггүй байсан бөгөөд Б.Төртогтох тус дэвжээний анхны гадаад сүмоч болж байгаа юм.

Исэноүми ояката “Энэ залуу орж ирснээр манай дэвжээний уур амьсгал өөрчлөгдсөн. Доошишия Их сургуулийн нэг танил маань түүнийг санал болгосон юм. Энэ сургуультай манай дэвжээ олон арван жилийн харилцаатай. Манай дэвжээний туслах ояката Кабүтояма, Татэкава нар энэ их сургуулийг төгсөөд манай дэвжээнд орж байлаа. Бид гадаад бөх авахгүй гэж бодож байсан ч Б.Төртогтохтой уулзаж ярилцтал үнэхээр томоотой, хичээнгүй сайн хүү байсан. Тэгээд авахаар шийдсэн. Дэвжээндээ хэдийн дасчихсан. Одоо макүшитагийн бөхчүүдтэй ижил түвшинд барилдаж байгаа” гэж монгол шавьдаа итгэл хүлээлгэж байгаагаа ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тамир(202.126.89.63) 2020 оны 11 сарын 13

Хичээгээрэй дүү минь

0  |  0
Top