Монгол Улсад коронавируст халдвараас үүссэн нөхцөл байдлын хүрээнд үүсч буй нөхцөл байдлыг хяналтандаа авах, халдварын тархалтыг таслан зогсоохоор цаг хугацаатай өрсөн ажилласаар байна.
Улсын онцгой комиссын даргын 2020 оны гуравдугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг байгуулж байсан.
“Коронавируст халдварын цар тахлын үе авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэн ажиллах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтаар хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Коронавируст халдвар, цар тахлын үед гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штаб”-ыг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг баталлаа.
Тус шийдвэрийн дагуу УОК-ын Шуурхай штабыг Коронавируст цар тахлын үед гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штабын зохион байгуулалтад шилжүүлсэн бөгөөд штаб Эрүүл мэндийн яамны байранд шилжин байрлалаа.
Коронавируст цар тахлын үед гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны шуурхай штабыг Гамшгаас Хамгаалах Эрүүл Мэндийн Улсын албаны дарга, Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар ахлан ажиллаж, 20 гаруй яам, агентлаг, салбар, салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн 50 гаруй хүнтэй Шуурхай Штабын баг бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна.
Тус штабаас гаргасан шийдвэрийг төрийн байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд даган мөрдөнө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.