ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагч Жамболат Тедеев ирэх сард Сербид явагдах ёстой байсан ДАШТ-ийг Дэлхийн Цом болгон өөрчилсөн талаар сэтгүүлчдэд сэтгэгдлээ ярьжээ.
Тедеев “Саяхан шигшээ багийн цугларалт өндөрлөсөн. Бид ДАШТ-д оролцоно гэсэн зорилгоор бэлтгэл хийсэн. Цар тахлаас болж олон улс орон оролцохгүй гэдгийг ойлгож байсан ч ДАШТ явагдана гэж найдаж байсан ч Дэлхийн Цом болон өөрчлөгдчихлөө. Гэхдээ олимпын наадмын өмнө тэмцээн уралдаан цөөхөн байгаа тул ямар ч тэмцээн чухал. Бид улсын аваргын тэмцээнээ зохион байгуулж, бүрэн хэмжээний цугларалт хийж чадлаа. Тамирчдаа хэн нь ямар формтой байгааг ойлгосон. Удаан хугацаанд барилдаагүй ч бүгд хичээн зүтгэж байлаа. Багийн ахлагч Абдулрашид Садулаев ч дэвжээний мэдрэмжээ алдсан байсан. Түүнийг ийм байдалтай байхыг анх удаа л харж байна. Цар тахал бүх тамирчинд ижилхэн хүнд тусч байгаа. Яах ч арга алга. Манай баг дахиад хоёр цугларалттай. Дараа нь дасгалжуулагчдын зөвлөлөөр хэнийг авч явахаа шийднэ. Гэхдээ мэдээж улсын аваргын дүнг бодолцоно” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )