Японд ажлын айлчлал хийж буй ОУОХ-ны тэргүүн Томас Бах өнөөдөр Токио хотын Шинжюкү дүүрэгт орших Олимпын музейд зочиллоо. Энэ үеэр тэрбээр Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэд Олимпын одон гардуулсан юм.
ОУОХ-ноос “Шинзо Абэ 2013 онд Токио хот олимпын эрх авахад их хүчин зүтгэл гаргасан эрхэм. Тэр Риогийн олимпын наадамын хаалтын ёслол дээр Супер Мариогийн дүрээр гарч ирж байлаа” гэж тэмдэглэсэн байна.
Токиогийн олимп 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл явагдах байсан боловч цар тахлын улмаас нэг жил хойшилсон билээ.
Томас Бах “Ерөнхий сайд асан Шинзо Абэ Токиогийн олимпын наадмын бэлтгэл хэвийн явагдаж байгааг ОУОХ-ны гишүүдэд байнга мэдээлж байсан. Энэ наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг бид харилцан ойлголцсон, итгэлцсэн байдалд гаргасан” гэж ёслол дээр хэллээ.
Олимпын одон нь 1974 оноос эхлэн олимпын хөдөлгөөнд онцгой гавьяа байгуулсан хүнд олгодог шагнал юм. Шинзо Абэ энэ шагналыг хүртсэн 63 дахь япон хүн болжээ.
Сэтгэгдэл ( 0 )