Уэйн Руни тэргүүтэй Алекс Фергюсоны дасгалжуулагч болсон шавь нар

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Английн Чемпионшипийн “Дерби Каунти” баг дасгалжуулагч Филип Кокуг халж,  багийнхаа ахлагч Уэйн Руниг дасгалжуулагчаар томилсноо зарлалаа. Гэхдээ Руни дараагийн ерөнхий дасгалжуулагч тодортол багийг удирдах юм.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан, Сэр Алекс Фергюсоны шавь нараас хэн нь дасгалжуулагч болж, ямар амжилт гаргаж байсныг хамтдаа сонирхоцгооё.

Марк Хьюз

Марк Хьюз "МЮ"-гийн төлөө 1980-1986, 1988-1995 онуудад тоглож, 352 тоглолтод 166 гоол оруулсан довтлогч.

Марк Уэльсийн шигшээ багийг таван жил удирдсаныхаа дараа “Блэкберн Роверс”-т 4, "Манчестер Сити"-д 1, "Фулхэм”-д 1, "Куинз Парк Рейнжерс"-т 1, "Сток Сити"-д 5, "Саутгемптон" –д 9 сар ажилласан. 2018 оны 12 дугаар сард "Саутгемптон"-аас халагдаад одоо ажилгүй байна.

Стив Брюс

Стив Брюс 1987-1996 онд "Манчестер Юнайтед"-д 414 тоглож, есөн цом хүртсэн.

Стив хоёр удаа "Бирмингем"-ийг Премьер лигт дэвшүүлсэн гавьяатай. Мөн “Халл Сити" багийг ч 2013 онд зиндаа ахиулж байв. 2014 онд тэд Английн Цомын финал хүртэл явж, нэмэлт цагаар “Арсенал”-д ялагдсан юм. Одоо тэр "Ньюкасл Юнайтед" багийг удирдаж байна.

Пол Инс

Пол Инс Улаан чөтгөрүүдийн төлөө 1989-1995 онд тоглож, лигийн аваргаар хоёр удаа шалгарсан.

Ерөнхий дасгалжуулагчийн хувиар зургаан багийг удирдсан ч амжилтад хүрээгүй. 2008/09 улиралд Пол Инс “Блэкберн Роверс”-т ажиллаж, 17 тоглолтод 3 ялсан үзүүлэлтээр халагдаж байв. 2014 онд "Блэкпул"-д ажиллаад дасгалжуулагчийн ажлыг орхисон билээ.

Рой Кин

Рой Кин Бол Сэр Алексийн хамгийн сайн ахлагч байлаа. 1993-2005 оны хооронд тэр долоон удаа лигийн аварга, нэг удаа Аваргуудын лигийн аварга болсон.

2006 онд багштайгаа муудалцаад гарсан Кин 2007 онд Чемпионшипийн "Сандерленд"-ийг Премьер лигт дэвшүүлж байв. Хоёр жилийн дараа халагдаад "Ипсвич”-ийг хоёр жил удирдсан. Дараа нь Ирландын шигшээ, "Астон Вилла", "Ноттингем Форрест" багуудад туслах дасгалжуулагчаар ажилласан.

Лоран Блан

1998 оны дэлхийн аварга Лоран Блан замналынхаа сүүлийн 2 жилийг (2001-2003) Манчестерт өнгөрөөж, 2003 онд Английн аварга болсон.

2007 онд Блан "Бордо"-г удирдаж, жилийн дараа Францын аварга болгосон. 2010 онд Францын шигшээ багт очиж, багаа Евро-2012 тэмцээний хагас шигшээд гаргаж байв. Тивийн аваргын дараа тэр өөрөө шигшээ багаа орхисон. 2013 онд "ПСЖ"-гийн дасгалжуулагч болж, гурван удаа Францын аварга болсон ч дөрвөн жилийн өмнө гэнэт халагдсанаасаа хойш дөрвөн жил ажилгүй байна.

Гари Невилл

Гари 1992-2011 онд МЮ-д тоглохдоо 400 тоглолтод оролцож, таван гоол хийсэн. Найман удаа лигт түрүүлж, хоёр удаа Аваргуудын лигийн цомыг өргөсөн.

2012 онд Рой Хожсон түүнийг Английн шигшээ багт туслахаараа урьж байв.  2015 онд Испанийн “Валенси”-г удирдаж, 16 тоглолтод гуравхан ялсныхаа дараа 2016 оны гуравдугаар сард халагдсан. Одоо Sky Sports-д шинжээчийн ажилтай.

Райан Гиггз

Гиггз “Манчестер Юнайтед”-ийн төлөө 963 тоглолтод оролцож, 168 гоол оруулсан багийн домог. Их Британийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн олон цомтой тоглогч. Лигийн 13, Английн Цомын 4, Аваргуудын лигийн 2 цомтой.

Энэ оны эхээр Райан Гиггз Уэльсийн шигшээ багийн дасгалжуулагч болж, 24 тоглолтод 12 ялаад байна.

Уле-Гуннар Сульшер

“МЮ” багийн сэлгээний алтан жаал 1996-2007 онд 235 тоглолтод 91 гоол оруулж байв. Зодог тайлаад л шууд багийнхаа довтлогч хариуцсан туслах дасгалжуулагчаар томилогдож байлаа. 2008 онд сэлгээний багийн дасгалжуулагчаар ажилласан.

2010 онд эх орондоо харьж, “Молде” багийг удирдан, хоёр удаа Норвегийн аварга болгосон. Энэ хооронд хэсэг хугацаанд "Кардифф Сити"-д ажиллаад амжсан юм.

2018 онд төрөлх “МЮ” багийнхаа ерөнхий дасгалжуулагч болж, шүүмжлэл, магтаал ээлжлэн амссаар одоог хүртэл ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top