Японы жүдо бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн бүрэлдэхүүн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жингээс бусад жинд тамирчдын нэрс тодроод байгаа.
Энэ жинд 2019 оны дэлхийн аварга Марүяма Жёоширо, 2017, 2018 оны дэлхийн аварга Абэ Хифүми хоёр халз барилдаан хийж, ялсан нь олимпын багт багтах юм. Хоёр тамирчны халз барилдааныг 12 дугаар сарын 13-нд Токио хотын Кодоканд зохион байгуулах болсноо Японы жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
Тамирчид ердөө ганц халз барилдаан хийх юм. Цар тахлын улмаас үзэгчгүй явагдана. Барилдааныг “Токио ТВ” телевиз 13-ны өдрийн 15 цагаас шууд дамжуулна.
Олон улсын жүдо бөхийн холбооны дүрмээр явуулах бөгөөд Марүяма Жёоширо цагаан, Абэ Хифүми цэнхэр өнгийн өмсгөлтэй барилдах болсон байна. Татами ч олон улсын дүрмийн дагуу байх юм.
Хэрэв хоёул хансокү макэ болсон тохиолдолд дахин барилдуулна гэж Японы жүдо бөхийн холбооноос мэдээллээ.
Хоёр тамирчны барилдааны харьцаа 4:3 буюу Марүяма тэргүүлж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )