ГЭРЭЛ ЗУРАГ ТҮҮХ ӨГҮҮЛНЭ: Томас Бах Монголд

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Олон улсын олимпийн хорооны дэд ерөнхийлөгчийн алба хаших үедээ 1999 онд дэлхийн олимпийн хөдөлгөөний хамгийн том босс Томас Бах Монгол оронд айлчилж, Сүхбаатарын талбайд зохион байгуулсан ёслолд оролцон, МҮОХ-нд олимпийн албан ёсны унаа "Даймлер-Крайслер" бага оврын автобус хандивлаж байлаа гэж МҮОХ-ноос мэдээллээ.

  

МҮОХ-ны Ерөнхийлөгч Шагдарын Отгонбилэг эрхэм дээд зочноо хүндэтгэн, "Цагаан шонхор" жуулчны баазад бэсрэг наадмаа үүсгэж, дагалдан ирсэн ОУОХ, "Мерседес Бенц" компанийн 30 гаруй албаны төлөөлөгч уг арга хэмжээг туйлын их сонирхон үзсэн.

Т.Бах нь морь давгүй унаж, тэмээн дээрээс зургаа татуулсны дараа НОК-ийн Ерөнхийлөгч, ГОК-ийн захирал Шагдарын Отгонбилэгт хандан "Би Герман-Арабын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүний албыг хашдаг байсан. Тэгэхэд араб найз нарын урилгаар ганц бөхтэй ёгор тэмээ бишгүй дээ л унасан. Харин Монголын хоёр бөхтэй тэмээ унахад их эвтэйхэн нь таалагдлаа. Нэг үгээр хэлбэл танай бактариан (Хоёр бөхт тэмээний шинжлэх уханы нэршил) бол бизнес зэрэглэл (Business class), харин арабын ганц бөхт наран тэмээ бол энгийн зэрэглэл (Economy class)-ийн суудалтай юм бна шүү" хэмээн хошигнож, хавийн хүмүүсийг инээлгэсэн юм даг.

Дараа нь том гийчин Томас Бахыг их цагаан өргөөнд урин, хааны лаврин суудалд залахад "Би ч багаасаа Чингис хааны тухай түүхийн ном уншсан. Бас манай Германы "Чингис хаан" хамтлагийн дууг хааяа сонсдог" гэж үг хэлэн, шар айргийн эх орны эрхэм элч маань нүүдэлчин монголчуудын айраг амссан юм.

Долоон жилийн өмнө Аргентины Буэнос-Айрес хотноо хуралдсан ОУОХ-ны 125 дугаар чуулганаас ес дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Томас Бах нь өдгөө 67 настай, хуульч мэргэжилтэй, “Монреаль-1976” олимпийн туялзуур сэлэмний аварга, Германы ҮОХ-ны даргын албыг хашиж байсан гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.165) 2020 оны 11 сарын 20

энэ хүн Монголын улс төрд байсан бол хөгжил огт өөр түвшинд байх байлаа. одооны албан ёсны мангуунууд, улс төрч, бизнес гээд байгаа өчүүхэн гаруудыг сураг ч үгүй байхад л гадны нөлөө бүхий улс төрчид, бизнесүүдтэй хэдхэн хором уулзаж цай хоол болоод л хэдэн арван саяаар нь салгадаг тийм л зангарагтай хүн байлаа.

0  |  0
Top