Чөлөөт бөх: Гүржийн шигшээд халдвар гарч, Дэлхийн Цомд оролцохгүй боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Гүржийн чөлөөт бөхийн шигшээ багт коронавирусний халдвар гарсан тул ирэх сард Сербид болох Дэлхийн Цомын тэмцээнд оролцохгүй болжээ.

Тус багийн ерөнхий дасгалжуулагч Георгий Янтбелидзе сэтгүүлчдэд “Гүрж улсад цар тахлын байдал маш хүнд байгаа. Хавар, намар манай улс халдварыг тогтоон барьж, дэлхий нийтэд үлгэр жишээ болон магтуулж байлаа. Гэвч одоо байдал хүндэрсэн. Шигшээ багт ч халдвар гарлаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш бид дөрвөн цугларалт хийсэн, хэн ч өвдөөгүй. Харин сүүлд Бакурианид хийсэн цугларалтын үеэр 10 хүн халдвар авсан нь тогтоогдлоо. Бөхчүүдээс гадна багийн эмч, массажчин, миний туслах ч бас өвдлөө. Тэднийг эмчилж байгаа, бусад нь тусгаарлалтад орсон. Залуу хүмүүс, тэр дундаа тамирчид хурдан эдгэдэг гэж ярьдаг ч үгүй шүү. Болгарын бөх коронавирусээр нас барсныг бүгд мэднэ. Тийм болохоор тамирчид ч хүнд өвдөж, амиа алдаж болно. Дэлхийн Цомд орохын төлөө бид тамирчдынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй. 12 дугаар сарын сүүлээр УАШТ болно. Бүгд эдгэрч, оролцоно гэдэгт найдаж байна. Энэ тэмцээнээс ирэх хоёрдугаар сард болох Европын АШТ-д оролцох багаа тодруулна. Манай шигшээ багаас Гено Петриашвили (125 кг), Элизбару Одикадзе (97 кг) хоёр олимпын эрхээ авсан байгаа. Владимир Хинчегашвили (65 кг), Автандила Кенчадзе (74 кг), Дато Марсагишвили, Сандро Аминашвили (86 кг) нар эрхээ авч чадна гэж итгэл хүлээлгэж байна” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гүрж(202.179.25.144) 2020 оны 11 сарын 22

Сталины эх нутаг болохоор би Гүржүүдэд нэг их дуртай биш. Уг нь шаргуу дайчин чанар тэд нарт байдаг л даа гэхдээ би ойшоож үздэггүй.

0  |  0
Top