G20 дээд хэмжээний чуулга уулзалтын ЭРГЭН ТОЙРОНД

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 23

Хөгжингүй болон хөгжиж буй эдийн засгуудыг нэгтгэдэг "G20” бүлгийн ээлжит Дээд хэмжээний чуулга уулзалт энэ жил Саудын Араб-д зохион байгуулагдах ёстой байсан боловч өнөөгийн хорио цээрийн хязгаарлалтын нөхцөл байдлаас шалтгаалж видео хурал хэлбэрээр Эр-Рияд-д явагдаж байна. G20 буюу бидний ярьдагаар “Их 20”-ын улс орнуудын удирдагчид цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй энэхүү уулзалт дээр дэлхийн ядуу буурай улс орнуудад коронавирусын эсрэг вакциныг хэрхэн хүртээх талаар хэлэлцэж байгаа аж. Уулзалт видео хэлбэрээр явагдаж байгаа учраас Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцогсдын дурсгалын зургийг фото эвлүүлгийн аргаар бүтээжээ.

G20 нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцдэг Дээд хэмжээний чуулга уулзалт бөгөөд уг бүлэгт багтдаг улс орнуудад дэлхийн нийт хүн амын 66 хувь амьдарч, дэлхийн ДНБ-ий 85 хувь, нийт худалдааны эргэлтийн 75 хувь ноогдож, байна. G20-д Австрали, АНУ, Аргентин, Бразил, Герман, Индонез, Итали, Их Британи, Канад, Мексик, Орос, Өмнөд Солонгос, ӨАБНУ, Саудын Араб, Турк, Франц, Хятад, Энэтхэг, Япон улсууд болон Европын Холбоо тус тус багтдаг.

 

G20-ын уулзалт дээр вакцины мөнгө “хайж” байна

 

Коронавируст халдварын тархалтын асуудал энэ удаагийн G20 уулзалтын гол сэдэв болж байна. Жон Хопкинсын Их сургуулийн мэдээллээр, Ковид-19-өөр өвчлөгсдийн нийт тоо дэлхий даяар 57,7 саяд хүрч, 37 сая хүн эдгэрч, 1,37 сая хүн хорвоог орхижээ.

Ковид-19-өөс сэргийлэх вакцин зөвхөн хөгжингүй улсуудад төдийгүй, ядуу буурай орнуудад ч хүртээмжтэй байх ёстой хэмээн Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салман G20 Дээд хэмжээний чуулга уулзалтыг нээх үеэрээ мэдэгдсэн байна. Тэрбээр: “Ковид-19-ийн эсрэг вакцин, эмчилгээний болон оношлогооны багаж хэрэгслийн ахиц дэвшлийн талаар бидэнд өөдрөг хандлага байгаа хэдий ч  дэлхийн бүх улс орнууд эдгээр хэрэгслийг ижил тэгш хүртэж, ашиглах боломжтой байх нөхцлийг бүрдүүлэхийг бид хичээх ёстой" гэж Мухаммед бин Салман өгүүлжээ.

Гэвч хэн, хэзээ тэдгээр хэрэгслүүдийг хангалттай илгээх талаар одоохондоо тодорхойгүй байгаа бололтой. Ройтерс, Франс-пресс агентлагуудын мэдээлснээр, цар тахлаас сэргийлэх вакциныг тараахын тулд ДЭМБ-д шаардлагатай байгаа 4,5 тэрбум долларыг олоход туслахыг чуулга уулзалтад оролцож буй удирдагчдад уриалсан аж.

Энэхүү хүсэлт бүхий захидалд Норвегийн Ерөнхий сайд Эрна Сульберг, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Сирил Рамафоз, ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар гарын үсэг зурсан бөгөөд уг захидлын эх сурвалжтай дээрх мэдээллийн агентлагуудын сэтгүүлчид танилцсан байна.  

Одоогийн байдлаар олон улсын эм бэлдмэл үйлдвэрлэлийн гигант Pfizer-ын бүтээгдэхүүн, Moderna инновац компанийн бэлдмэл, Оксфордын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран зохион бүтээсэн AstraZeneca концернийн вакцин, Оросын Гамалейн нэрэмжит институтын гаргасан "Спутник V" гэх мэт дөрвөн вакцин хамгийн үр дүнтэйд тооцогдож байна.

 

G20 уулзалт дээр Владимир Путин юу өгүүлэв

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусын эсрэг вакцинтай холбоотой сэдвийг улстөржүүлэхгүй байхыг нэг бус удаа хүсээд байгаа билээ. Тэрбээр: “Бүх нийтэд хүртээмжтэй, аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй вакциныг гаргахад чиглэсэн өнөөгийн чуулга уулзалтын гол шийдвэрийн төслийг Орос улс дэмжиж байна. Дархлааг дэмжихэд чиглэсэн бэлдмэлүүд бүх нийтийн хүртээл болох ёстой бөгөөд манай эрдэмтдийн зохион бүтээсэн вакцинуудыг хэрэгцээт орнуудад нийлүүлэхэд Орос улс бэлэн байгаа. Цар тахлын хамарч буй хүрээ биднээс бүхий л нөөц бололцоо, мэдлэг чадвараа ашиглахыг шаардаж байна. Бидний нэгдмэл зорилго бол вакцины бэлдмэлүүдийн багцыг бүрдүүлж, дэлхийн бүхий л хүн амыг найдвартай хамгаалалтаар хангах явдал юм. Энэ тохиолдолд мэдээж өрсөлдөөн байх хэдий ч бид хүнлэг мөн чанарыг тэргүүн эгнээнд тавих ёстой” хэмээн өгүүлжээ.

Цар тахлаас үүдсэн хямралыг Владимир Путин 1930-аад оны их хямралтай харьцуулж өөрийн илтгэлдээ онцлон дурдсан байна. Үндэсний эдийн засгийн өсөлт ноцтой тасалдаж, олон сая хүмүүс ажлын байраа алдсанаар ядуурал, нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэхүйц олныг хамарсан урт хугацааны ажилгүйдэл нүүрлэж байгаа учраас ийм байдлыг гаргахгүй байхад хэрхэн анхаарах нь G20-ын гол үүрэг юм. Иймд олон улсын худалдаанд хуримтлагдаад буй хурцадмал асуудлуудыг шийдвэрлэж, нэг талт хориг арга хэмжээнээс аль болохоор татгалзан, бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гинжин сүлжээг сэргээхэд анхаарах шаардлагатай байгаа аж.

 

Трамп энэ үед юу хийж байна

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арваннэгдүгээр сарын 21 буюу бямба гарагт G20 чуулга уулзалтаар цар тахлын асуудлыг хэлэлцэж байх үеэр өөрийн гольф-клубуудын нэг рүү очихоор явсан аж. Энэ тухай The Guardian сонин, CNN телесуваг болон хэвлэл мэдээллийн олон хэрэгслүүдээр мэдээлсэн байна.

The Guardian-д өгүүлснээр, G20 уулзалтын цар тахлын сэдэвт зориулсан цахим хуралд Трамп огтхон ч сонирхол хандуулахгүй байгаагаа өөрийн жиргээнүүдээр илэрхийлж, Дээд хэмжээний чуулга уулзалтын онлайн-хурал эхлээд удаагүй байхад буюу өглөөний 10 цагийн үед Цагаан ордноос гарч гольф клуб руу явсан гэжээ. Трампыг ийнхүү Ковид-19 цар тахлын асуудлыг үл тоомсорлон тоглохоор явах үед АНУ-д 24 цагийн дотор 195500 шинэ халдварын тохиолдол бүртгэгдэн, дээд үзүүлэлтэд хүрээд байсан аж. Жон Хопкинсын Их сургуулийн мэдээллээс харахад, АНУ SARS-CoV-2 коронавируст халдварт хамгийн ихээр өртөөд байгаа бөгөөд нийт халдвар авагсдын тоо 12 саяыг давж, 256 мянган хүн уг аюулт тахлын улмаас нас бараад байгаа аж.

 

Ши Жиньпин эрүүл мэндийн кодыг санал болгов

 

БНХАУ-ын Дарга Ши Жиньпин G20 Дээд хэмжээний чуулга уулзалт дээр эрүүл мэндийн кодыг харилцан хүлээн зөвшөөрөх олон улсын механизмыг бий болгохыг санал болгожээ.

Тэрбээр: “Коронавирусын нуклейн хүчлийн тестийн үр дүн дээр суурилсан, QR кодын тусламжтайгаар хэрэгжих эрүүл мэндийн кодыг харилцан хүлээн зөвшөөрөх олон улсын механизм бий болгохыг Хятадын тал санал болгож байна” хэмээн өгүүлсэн аж. Энэхүү механизмд дэлхийн олон улс орон, бүс нутгууд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Хятадын удирдагч илэрхийлсэн байна.

 

Ядуу буурай орнуудын өрийн асуудал юу болох бол

Дэлхийн ядуу буурай улс орнууд G20 чуулга уулзалтаас тийм ч ихийг хүлээгээд нэмэргүй бололтой. Вена хотод амьдардаг, Того улсаас гаралтай улстөр судлаач Ив Эку Амайзо энэхүү Дээд хэмжээний чуулга  уулзалтаас өрийг хүчингүй болгох тухай шийдвэр гарна гэдэгт итгэхгүй байгаа бөгөөд сайндаа л хэсэгчилсэн бүтцийн өөрчлөлт хийх биз гэсэн хүлээлттэй байгаа аж. Магадгүй, зээлийн хүүг төлөхөөс чөлөөлөн үндсэн өрийг үлдээх замаар ядуу буурай орнуудын өрийн нийт дүнд багаахан хувийг эзэлдэг засгийн газрын өрийн зээлийн хүүг өршөөх байх хэмээн тэрбээр өгүүлсэн байна.  Амайзогийн үзэж буйгаар, аж үйлдвэрийн өндөр хөгжил бүхий орнууд Африкийн улсуудын санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх талаар огтхон ч сонирхохгүй байгаа гэжээ. Хятад, АНУ, Орос болон Европ тив эдгээр улсуудын түүхий эдийн нөөцөд найдвартай хүрэх боломжийг өөрсдөдөө хангахын тулд л элдэв төрлийн зээл олгож, хөрөнгө оруулалтыг хийж байгаа хэмээн улстөр судлаач тэмдэглэсэн аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top