Английн хөлбөмбөг сонирхогчид, багуудын өнгөрсөн гуравдугаар сараас хойш хүлээсэн мөч ирлээ. Премьер лигийн тоглолтууд үзэгчтэй явагдах болжээ.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын үеийн хөл хорионы үеэр авах шинэ арга хэмжээний талаар танилцууллаа. Үүнд: 12 дугаар сарын 2-нд хатуу хөл хорины 28 хоног дууссаны дараа стадионд балиашгуудыг оруулах заалт багтсан байна.
Юуны өмнө улс орныг цар тахлын тархалтаас хамааран гурван хэсэгт хуваана.
Хэсэг 1. Тархалт тогтворжсон бүс нутаг хамаарна. Энд гадна талбайн спортын тэмцээн уралдаанд 4000 хүртэлх тооны үзэгч (эсвэл цэнгэлдэхийн 50 хувьд) оруулна. Харин битүү ордонд 1000 хүртэлх тооны үзэгчтэй явуулж болно.
Хэсэг 2. Харьцангуй аюулгүй бүс нутаг. Энд спортын арга хэмжээнд 2000 үзэгч (эсвэл цэнгэлдэхийн 50 хувьд) оруулж болно. Битүү ордонд 1000 үзэгч.
Хэсэг 3. Халдвар их хэвээр байгаа бүс. Энд спортын тэмцээнийг хориглосон хэвээр үлджээ.
Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад Засгийн газраас бүс нутгуудыг хараахан хэсэгт хуваагаагүй байгаа тул ямар хотуудад үзэгчтэй тэмцээн болохыг тодорхой хэлэхэд эрт байна. Ямар ч гэсэн ирэх сарын эхнээс бид үзэгчтэй тэмцээн үзэх болжээ.
Мөн ирэх сарын 2-ноос фитнесс, сонирхогчдын спорт, гадаа талбайд спортоор хичээллэхийг зөвшөөрнө.
Спортын сайд Оливер Доуден “Олон нийтийн спортыг эргүүлэн авчрах нь миний гол зорилго байсан. Харин нэг зүйл хэлэхэд спорт сонирхогчид өөрсдөө ухамсартай байж, аюулгүй дүрмээ сайн сахих хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )