Турк чөлөөт бөхийн Дэлхийн Цомд оролцоно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 24

Ирэх 12 дугаар сард болох чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнд оролцоно гэдгээ Туркийн бөхийн холбооноос зарлалаа. Туркийн шигшээ багийн дасгалжуулагч, орос мэргэжилтэн Исак Ирбайханов ОХУ-ын сэтгүүлчдийн асуултад энэ талаар ярьсан байна.

- Дэлхийн Цомд Туркийн шигшээ баг оролцох уу?

- Бүтэн багаар оролцохоор бэлтгэж байна. Энэ жил бид Европын АШТ, Варшав, Москвагийн тэмцээнд оролцсон. Шигшээ баг таван удаа цугларалт хийлээ.

- Туркт цар тахал ямар хэмжээнд байна вэ?

- Бусад орны нэгэн адил хүнд байна. Тэмцээн зохион байгуулах хориотой. Аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа л цугларалт хийж байгаа.

- Энэ жил ДАШТ-ийг Дэлхийн Цом болгон өөрчиллөө.

- Харамсалтай байна. Дэлхийн аваргаас медаль авсан бөхчүүдэд тэтгэлэг олгодог болохоор бөхчүүд хамгийн их харамссан байх. Дэлхийн Цом гэдэг яаж ч бодсон дэлхийн аваргын тэмцээн биш шүү дээ. Гэхдээ ДБНХ-ноос шагналын сангаа нэмсэн байна.

- Жин тус бүрд 10 мянган ам.доллар хуваарилсан.

- Зөв шийдвэр. Цар тахлаас болж, орлогогүй, амьдрал нь доройтсон тамирчин их байна.  

- Туркийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодров уу?

- Одоохондоо үгүй. 125 кг-д Таха Акгуль барилдах нь тодорхой. Мөрний бэртлийн улмаас хагалгаанд орсон. Дахиад бага зэрэг гэмтэхэд л сэдрэх аюултай ч удаан барилдаагүй болохоор түүнд тэмцээнд орох зайлшгүй шаардлага байна. Таха Дэлхийн Цомд барилдах эсэхээ өөрөө шийднэ. Бусад бөхчүүдийг сүүлийн цугларалтын дараа сонгоно.

- Сүүлийн цугларалт хэзээ болох вэ?

- Ирэх сарын 1-нд Эльмадагад эхэлнэ. Азербайжаны шигшээтэй хамтарсан бэлтгэлтэй. Тэнд жижиг тэмцээн зохион байгуулна. Бид Сербид 12 дугаар сарын 13-нд очно. Одоо манай ганц сул тал бол тэмцээн уралдааны дутагдал байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top