Олимпын медальт Шинобү Ота 12-р сарын 31-нд тулалдана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

Сонгомол барилдааны олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн аварга, Японы бөх Шинобү Ота холимог тулаанд шилжсэн. Олимпын мөнгөн медальт, элит тамирчин Шинобү Ота 26 настайдаа их спортоо орхисон нь чөлөөт бөхийн ертөнцөд шуугиан тарьсан билээ.

Ота Токиогийн олимпын сонгомол барилдааны 60 кг-ийн жинд шигшээ багт орохыг зорьж байсан ч Фүмита Кэничирод суудлаа алдаж, 63 кг-д шилжсэн. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 63 кг-д 2018 оны дэлхийн аварга Оросын Степан Маряняныг ялж түрүүлсэн ч олимпын бус жин тул орхиж, 67 кг-д барилдахаар шийдсэн. 165 см өндөртэй түүний хувьд 67 кг-д барилдах тун хэцүү байлаа. 2019 оны 12 дугаар сард болсон улсын аваргын тэмцээнд эхний тойрогт цэвэр ялагдсанаар Токиогийн олимпод оролцох мөрөөдөл нь тасарсан.

Шинобү Отагийн холимог тулааны анхны тэмцээний тов гарчээ. Тэрээр Японы холимог тулааны Rizin Fighting Federation холбооны 12 дугаар сарын 31-нд Сайтамад болох тэмцээнд оролцох болжээ. Өрсөлдөгч нь Хидэо Токоро. 43 настай ахмад тамирчин бөгөөд холимог тулаанд 66 тулалдаж, 34 ялж, 2 тэнцэн, 30 ялагдсан тулаанч.

Ота тулааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр “Токорог би багаасаа мэднэ. Маш их хүндэлдэг тамирчин тул дэргэд нь зогсоход бага зэрэг сандарч байна. Гэхдээ рингэн дээр зодоон эхлэхэд энэ нь хамаагүй” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top