Энэтхэгийн чөлөөт бөхийн од, ДАШТ-ий мөнгө, хос хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга Бажран Пуния өнгөрсөн Лхагва гарагт хуримаа хийлээ. Цар тахлын үед олон нийтийн арга хэмжээ хориотой ч жилийн өмнөөс төлөвлөсөн арга хэмжээ тул цуцлалгүй цомхон хийсэн байна.
Бажран Пуниягийн гэргий нь чөлөөт бөхийн тамирчин, Энэтхэгт алдартай бөхийн гэрбүлийн удам, 22 настай Сангита Фогат юм. Сангита Фогатын гэрбүлийн гайхалтай түүхийн талаар Болливудад “Дангал” (бөх) гэдэг кино хийж байсан. Энэ гэрбүлийн тэргүүн Махавир Сингх залуудаа бөх барилдаж байсан хүн. Хүүтэй болж, бөх болгох гэсэн мөрөөдөлтэй байсан ч нуган хүү төрсөнгүй, дан охидтой. Ингээд Махавир охидоо бөх болгож, дасгалжуулж эхэлжээ. Эмэгтэй хүн бөх барилдаж болохгүй гэсэн хуучинсаг үзэлтэй тосгоныхон бүгд түүний эсрэг ханджээ. Гэвч Махавир Сингх зөрүүдэлсээр, хамаатныхаа охидыг ч чөлөөт бөхөд уруу татсан байна. Охид амжилт гаргаж, тэдний тухай Энэтхэг орон даяар ярьж эхлэхэд тосгоны хүмүүс Махавирыг дэмжиж эхэлсэн гэдэг.
Ууган охин Гита энэтхэг эмэгтэй бөхчүүдээс хамгийн анх удаа 2012 онд олимпод оролцох эрх авсан бол Бабита 2012 оны ДАШТ-д хүрэл медаль хүртжээ. Рита Энэтхэгийн шигшээ багт барилдаж байгаад одоо холимог тулаанд хүч сорьж байна.
Винеш 2018 онд Азийн наадмын аварга болж, өнгөрсөн жилийн ДАШТ-д хүрэл медаль хүртэн, Токиогийн олимпын эрхээ авчихаад байна. Гита, Бабита, Винеш нар бүгд бөхчүүдтэй гэрлэсэн.
Отгон охин Сангита Фогат ч эгч нарынхаа жишээг дагажээ. Сангита 59 кг-ийн жинд УАШТ-ээс медаль авч байсан. Пуниятай хэдэн жилийн өмнө Энэтхэгийн шигшээ багийн цугларалт дээр танилцжээ.
Сангита “Бид нэг нэгэндээ таалагдсан. Бажран манай аав, ээжид ч таалагдсан. Гэхдээ сайн бөх болохоор тэр биш, эелдэг зөөлөн зантай болохоор. Манай гэрбүлийн ахмадууд хуралдаад бидэнд гэрлэх зөвшөөрөл өгсөн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сангита одоо гэмтлээ эмчлүүлж байгаа. Ирэх жил олимпын жин 62 кг-д шилжиж, Токиогийн олимпын эрхийн төлөө өрсөлдөх болно. Харин Бажран олимпын эрхээ авчихсан байгаа. Ирэх сард тэр АНУ-д болох 70 кг-ийн жингийн шилдэг найман бөхийн тэмцээнд оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )