СҮМО: Ёшиказэ төрсөн нутагтайгаа заргалдсаар л

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 28

Өнгөрсөн жилийн есдүгээр сард зодог тайлсан мэргэжлийн сүмогийн сэкивакэ асан Ёшиказэ буюу Накамүра ояката төрсөн нутаг Ойта мужийн Сайки хоттой зарга үүсгэж, 480 сая иенийн хохирол нэхэмжилсэн талаар бид мэдээлсэн.

Ёшиказэ өнгөрсөн жилийн зургаадугаар сарын 20-нд Сайки хотод хотын захиргаанаас зохион байгуулсан экстрим аялалд оролцжээ. Тус хотын Фүжигавачи хүрхрээнээс буухаар голд үсрэхдээ баруун өвдгөө хүнд гэмтээж, нисэх тэргээр эмнэлэгт хүргэгдсэн. Ёшиказэ гэмтэл нь эдгэрэхгүй байсаар зодог тайлахаас өөр аргагүй болсон билээ.

Тойргийн барилдаанд бөхчүүдийг Сайки хот урьсан бөгөөд хотын дарга Танака Тошиаки “Хотын захиргаанаас зохион байгуулсан арга хэмжээнд гэмтэж, зодог тайлахаас өөр аргагүй болсонд маш их харамсаж байгаагаа илэрхийлье” гэж  хэлж байлаа. Талууд тохиролцлоо гэж байсан ч санал зөрөлдсөн тул Ёшиказэ шүүхэд хандсан байна.

Энэхүү хэргийн эхний шүүх хурал 27-нд Токиод болж, Сайки хотын захиргаа заргалдан тэмцэх бодолтой байгаагаа илэрхийллээ.

Хотын захиргааны өмгөөлөгч “Сурталчилгааны арга хэмжээнд Сайки хот урьсан нь үнэн. Гэхдээ хүрхрээнээс буу гэж бид шаардаагүй тул гэмтэл бэртэлд хамаагүй. Зогсоох гэж оролдсон ч өөрөө бууна гэж хэлсэн” гэж мэдэгдсэн байна. Харин хотын иргэд Ёшиказэ нэхэмжилсэн 480 сая иэндээ 40 нас хүртлээ барилдсан тохиолдолд авах ёстой байсан цалин, шагналын мөнгөө ч оруулсан байсанд дургүйцэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(64.119.22.15) 2020 оны 11 сарын 28

новшийн бөхчүүд хаана ч адилхан юм даа

2  |  0
Top