Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд асан Санжийн Баяр болон “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарыг шүүх хурал өнгөрөгч долоодугаар сард болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон билээ.
Улмаар, Ерөнхий сайд асан С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасаж, гурван жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол, яллагдагч Ч.Даваанямд Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Мөн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Тэгвэл энэхүү шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. С.Баяр нарын давж заалдах хурал маргааш буюу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр болно. Шүүх хуралдаан цахим хэлбэрээр явагдана хэмээн Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )