Чөлөөт бөх: Узбекистан Дэлхийн Цом биш Ярыгины Гран Приг сонгожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 30

Ирэх  сард Сербид эхлэх чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээнд оролцохоос олон орон татгалзаад байна. Узбекистаны чөлөөтийн шигшээ багаас Дэлхийн Цомд 79 кг-ийн тамирчин, 2013 оны ДАШТ-ий хүрэл медальт Рашид Курбанов ганцаараа барилдана.

Яагаад ганцхан бөх илгээх болсон талаар Узбекистаны шигшээ багийн зөвлөх дасгалжуулагч Али Ахмедов сэтгүүлчдэд ийнхүү ярьжээ.

“ДАШТ-ийг цуцалж, Дэлхийн Цом болгосны дараа Узбекистаны бөхийн холбоо хуралдаж, улс орон, дэлхий дахины цар тахлын байдлыг дүгнэсний эцэст Дэлхийн Цомд оролцож, тамирчдаа эрсдэлд оруулахгүй нь зөв гэж шийдвэрлэсэн. Гэхдээ бөхчүүдээсээ хүсэл сонирхлыг нь асуусан. Рашид Курбанов ганцаараа Дэлхийн Цомд оролцох хүсэлтэйгээ илэрхийлж, бусад нь татгалзсан. Манай шигшээ баг шинэ улиралд бэлтгэхээр “Терскол” уулын цанын баазад цугларалтад гараад байна. 12 дугаар сарын дундуур Дагестаны шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Иван Ярыгины Гран Прид бүтэн багаар оролцоно. Олимпын эрхийн тэмцээний өмнөх хамгийн том шалгуур бол Ярыгины Гран При” гэж тайлбарлажээ.

Узбекистаны чөлөөтийн баг одоогоор Токиогийн олимпын эрх аваагүй байгаа. Ирэх жил болох Азийн эрхийн тэмцээн (3-р сарын 26-28, Хятад, Сиянь), Дэлхийн тэмцээнээс  (4-р сарын 29-нөөс 5-р сарын 2, Болгар, Софи) олимпын эрх авахаар бэлтгэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top