Японы сүмо бөхийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма ирэх нэгдүгээр сарын тэмцээний зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд утсаар ярилцлага өглөө.
Ояката юуны өмнө 11 дүгээр сарын тэмцээн цар тахлын үед маш амжилттай зохион байгуулагдсаныг онцлон дурдсан.
Харин ирэх тэмцээний талаар “Мэдээж бид тухайн үеийн цар тахлын байдлыг харгалзан үзнэ. Хэрэв халдварын тоо нэмэгдээд байвал цуцалж ч болно. Ирэх нэгдүгээр сарын башё Токиод Кокүгикан ордонд явагдана. Өнгөрсөн тэмцээнд 5000 үзэгч оруулсан бол энэ удаад 5300 болгож нэмэгдүүлнэ. Үзэгчдийг 13 цагаас ордонд оруулах нь хэвээр байгаа. 12 дугаар сарын 18-наас бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийг долоо хоног Кокүгиканд хийнэ. Хоёрдугаар сард явагддаг уламжлалт NHK телевизийн тэмцээнийг одоохондоо зохион байгуулах эсэхээ шийдээгүй байна. Фүжи телевизийн тэмцээнийг хоёрдугаар сарын 7-нд хийнэ. Гуравдугаар сарын башёг Осакад зохион байгуулахаар ажиллаж байна. Манай сүмо бөхийн холбоо шиг ковидийн үед амжилттай тэмцээн зохион байгуулж байгаа спорт холбоо байхгүй. Бид 700 бөхийг бүтэн 15 хоногт халдвараас урьдчилан сэргийлж, хамгаалж чадсан. Тэмцээнээ ч элдэв асуудалгүй дуусгасан” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )