Архангай аймгийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолд нэгээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол гурав боллоо.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Архангай аймагт халдвар авсан иргэний ойрын хавьтал болох 190 хүнээс шинжилгээ авахад нэг халдвар нэмж илэрсэн. Энэ нь батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хүн байсан" гэх мэдээллийг өнөөдөр өгсөн. Тэгвэл аймгийн Онцгой комиссоос халдвартай иргэдийн 1, 2-р хавьтлын бусад 285 иргэнийг шинжилгээнд хамруулахад бүгд СӨРӨГ гарсан" гэж мэдээллээ.
Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар орон нутаг дахь нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.
Батцэнгэл суманд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор УОК-оос Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлын хугацааг 10 хоногоор сунгасан.
Батцэнгэл, Ихтамир сумдад орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон хэвээр байгаа. Ингэхдээ өмнө нь ажиллаж байсан хүнсний дэлгүүр, эмийн сан, шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоохоос гадна хүнс тээврийн машиныг зогсоожээ.
Дээрх хоёр сумын ТЭГ зогсолт Аймгийн засаг даргын захирамжийн дагуу арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тухайн халдвар илэрсэн иргэний ойрын болон дам хавьтлыг илрүүлж, тусгаарлаж шинжилгээ авах ажлыг эрчимжүүлж байна.
Нийслэлд гацсан иргэдээ татан авах ажлыг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж байсан боловч Архангай аймгийн хувьд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 10 хоногоор хойшлуулахтай зэрэгцээд хойшиллоо.
Архангай чиглэлд явахаар 119.mn-д бүртгүүлээд байсан иргэд хэрэв шинжилгээнд хамрагдсан бол арванхоёрдугаар сарын 10 хүртэл хугацаа хойшилсонтой холбоотойгоор шинжилгээний хариу хүчингүй болно. Тиймээс дахин 48 цагийн өмнө шинжилгээнд хамрагдах шаардлагатай.
Архангай аймгаас гарах хүсэлтэй 100 гаруй иргэн бүртгүүлээд байна.
Замын хөдөлгөөнд зайлшгүй орох шаардлагатай тээврийн хэрэгсэлд QR код олгож байгаа. Кодыг аймгийн төвд Авто тээврийн төв, сумдад тухайн сумын ЗДТГ-ын хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн олгож байна. Нэг удаа код авсан тээврийн хэрэгсэл постуудаар уншуулж явах бөгөөд олон дахин авах шаардлагагүй юм. Тухайн тээврийн хэрэгслийн явсан маршрут цахимд бүртгэгдэнэ. Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн код аваагүй тээврийн хэрэгслийг постоор нэвтрүүлэхгүй.
Хэрэв зайлшгүй шаардлагаар Нийслэлээс болон бусад аймгаас Архангай аймагт ирэх иргэн байгаа бол уг асуудлыг Нийслэлийн Онцгой комисс болон тухайн аймгийн Онцгой комисс шийднэ.
Аймгийн шуурхай штабаас зөвшөөрөл өгнө гэсэн буруу ойлголт иргэдэд байна. Архангай аймгаас зайлшгүй шаардлагаар гарах хүсэлтэй иргэн байвал голомт гарсан бүс рүү огт зөвшөөрөл олгохгүй бусад газар руу нөхцөл байдлыг судалж үзээд, зөвшөөрөл олгож байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Онцгой комисс