Сонирхогчдын боксын олимпын хошой аварга (2012, 2016), дэлхийн хошой аварга (2014, 2016), мэргэжлийн боксын WBC, WBO, WBA, IBF холбооны аварга, АНУ-ын боксчин Кларесса Шилдс холимог тулаанд шилжих болжээ.
MMA Junkie-д бичсэнээр Шилдс өнгөрсөн сарын 30-нд Хойд Америкийн холимог тулааны PFL холбоотой гэрээ байгуулсан байна. Гэрээ ёсоор ирэх жилийн эхээр нэг туршилтын тулаанд оролцоно. Амжилттай болбол урт хугацааны гэрээ байгуулах юм. 25 настай Кларесса Шилдс хэдэн жилийн өмнөөс холимог тулаанд хүч сорих бодолтой байгаагаа илэрхийлж байсан. 2019 онд холимог тулааны эмэгтэйчүүдийн тасархай аварга, Бразилын Аманда Нуньестэй боксын дүрмээр тулалдах санал гаргаж байлаа.
PFL холбоонд одоо түүний жинд жүдо бөхийн олимпын хошой аварга Кайла Харрисон долоо дараалсан ялалттайгаар дунд жингийн аваргын бүсийг эзэмшиж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )