Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 3-нд боллоо. Хурлаар гарсан нэгэн онцлох шийдвэр бол ирэх жилээс эхлэн дотоодын тэмээн, уралдаанд цэнхэр, цагаан өмсгөл хэрэглэхээр болжээ. Олон улсын жүдо бөхийн холбооноос 1998 оноос эхлэн өнгийн жүдоги хэрэглэх дүрэм гаргасан ч Японд УАШТ, Кодокан цом зэрэг дотоодын том тэмцээнүүдэд уламжлалт цагаан жүдогиг л зөвшөөрдөг байсан юм.
Гадаадын тэмцээнд япон жүдочид өнгийн өмсгөлтэй барилдсан ч дотооддоо эртний уламжлалаа даган, цагаан жүдоги л хэрэглэдэг дүрмээ хамгаалсаар ирсэн. Гэвч аравдугаар сарын 31-нд болсон Кодокан Цомын эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн финалд цахилгаан самбар, шүүлтийн алдаа маш их маргаан дагуулсан.
Тиймээс ийнхүү олон улсын жишгийг дагахаар болжээ. Японы жүдо бөхийн холбооноос “Өнгийн жүдогитой барилдсанаар шүүгч, үзэгчид тамирчдыг ялгахад хялбар, шүүлтийн алдаа багасна, телевизээр дамжуулахад ойлгомжтой болно” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )