Шёохэй Оно: Хамгийн хүчирхэг нь болох зорилготой

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 09

Олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Японы жүдоч Шёохэй Оно Японы Фүжи телевизийн нэвтрүүлэгт оролцож, цаашдын зорилгынхоо талаар ярилаа. Оно ирэх жил болох Токиогийн олимпын наадмаар Японд алтан медаль авчрах хамгийн бололцоотой тамирчинд тооцогдож байгаа юм.

Шёохэй Оно “Би хамгийн хүчирхэг жүдоч, түүхэнд хамгийн хүчтэй жүдоч болохыг зорьж байгаа. Өөрийнхөө жингийн урьд өмнөхийг харахад Кога Тошихико, Окано Исао гэсэн домог болсон жүдочид барилдаж байжээ. Тэдэнтэй одоо гар зөрүүлэн барилдах боломж байхгүй ч бөх сонирхогчид харьцуулж хараад “Одоогийн Оно нь илүү хүчтэй юм” гэж ярихаар бөх болох хүсэлтэй” гэж хэллээ.

Мөн “Үнэмлэхүй жинд барилдаж, түрүүлэх нь бас нэгэн зорилго. Кога Тошихико, Ёшида Хикэхико гэсэн жингийн ах нар маань хөнгөн жинд байхдаа л үнэмлэхүй жинд өрсөлдөж байсан. Тэд Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээс хоёулаа үнэмлэхүй жинд мөнгөн медальтай. Энэ жилийн тэмцээнд би орох бодолтой байсан ч гэмтэл, бэртэл авбал яах вэ гэж бодоод больсон юм. Токиогийн олимп дуусахаар үнэмлэхүй жинд заавал барилдана. Би хамгийн хүчтэй жүдоч болмоор байна. Мангад гардаг жүдоч шиг л. Одоо хүмүүс миний талаар ялах, ялагдах эсэх биш Оно яаж ялах бол гэж ярьдаг болсон. Өөр төрлийн тамирчинтай харьцуулах юм бол мэргэжлийн боксын Иноүэ аварга шиг л тогтвортой амжилттай байгаа гэж бодож байна. Хүн болгоны итгэл найдварыг хүлээсэн тамирчин хэвээр байхыг хүсэхээс гадна хүлээлтийг нь давсан  амжилт үзүүлэх зорилготой. Гэхдээ одоо миний барилдаан өөрчлөгдөж байгаа. Залуудаа заавал иппон ялна, сайхан шидээд өгнө гэж татами дээр гардаг байсан бол одоо больсон. Учир нь хэт сайхан ялах гэж улайрах нь алдааны үндэс болдог. Одоо би ялах л гэж барилддаг болсон” гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top