Расул Чунаев: Армен бөхчүүд биднийг өдөөн хатгах нь ойлгомжтой

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 11

Уулын Карабахт болсон дайнд Азербайжан, Армен улс мөргөлдөж, Азербайжан улсын ялалтаар тулаан өндөрлөсөн. Хоёр талаас маш олон тамирчин дайнд оролцож, амь насаа алдсан билээ. Азербайжаны сонгомол барилдааны шигшээ багийн тамирчин Расул Чунаев “Azerisport” агентлагт ярилцлага өгчээ.

-Та залуучуудын Davam байгууллагын удирдагчаар ажиллаж байна. Яагаад энэ байгууллагад ажиллах болов?

-Азербайжаны Ерөнхийлөгчийн Тамгын газар, Аюулгүй байдлын албанаас санал тавьсан юм. Энэ бол спорт, хууль зүй, бизнес гээд олон салбарт авьяаслаг залуучуудыг олох, гаргах зорилготой байгууллага. Азербайжан улс булаагдсан газар нутгаа эргүүлэн авсны дараа манай улсад шинэ амьдрал, сэргэн мандалт эхэлж байна.  

-Та спортын салбарыг нь хариуцаж байгаа гэсэн. Олон нийтийн ажил хийх цаг зав байна уу?

-Зодог тайлаад хийх ажлын төлөвлөгөөгөө би эрт гаргасан байлаа. Нэлээд олон жил зарцуулах байсан. Гэтэл энэ байгууллага яг л миний бодож байсан шиг ажил эхлүүлж байгаа юм байна. Ингээд хамтран ажиллах болсон. Би олимпын хүрэл медальт, дэлхий, Европын аварга бөхийн хувьд ирээдүйтэй олон сайн тамирчин гаргахын төлөө хүч чадлаа хайрлахгүй зүтгэх болно. Улс орны удирдагч минь надад итгэл найдвар хүлээлгэж байхад хичээлгүй яах вэ.

-Дасгалжуулагч болно гэж ойлгож болох уу?

-Тодорхой хэлбэл зохион байгуулагчийн ажил юм даа. Бөхчүүдийн бэлтгэл сургуулийг үзэж, зөвлөгөө өгнө. Шинэ спортын заал танхим нээхийн төлөө ажиллана. Цар тахал гарлаа, мөн би нуруундаа гэмтэлтэй байгаа болохоор Дэлхийн Цомд оролцохгүй. Энэ чөлөөг ашиглаад дайны үеэр шархадсан цэрэг дайчидтай их уулзаж байна. Би Азербайжаны армийн Хилийн цэргийн дэслэгч цолтой хүн.

-Токиогийн олимпод барилдаж амжилгүй, гэмтлээр зодог тайлах нь гэж айж байна уу?

-Би одоохондоо эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа. Дөрвөн удаа хагалгаанд орлоо. Бэлтгэл хийгээд ачаалал аваад ирэхээр нурууны гэмтэл дахиад сэдрэх юм. Цаг агаар муудахаар өвдөг өвдөнө. Эрсдэл их байгаа. Нэгдүгээр сараас бэлтгэлдээ гарна. Зодог тайлах талаар бодоход арай л эрт байна.

-Энэ дайны үеэр сонгомлын Артур Алексанян, хөлбөмбөгч Генрих Мхитарян, шатрын  Левон Аронян зэрэг Армены олон алдартай тамирчин Армен улс газар нутгийнхаа төлөө тулалдаж байна гэж ярьж байлаа. Энэ талаар таны бодол?

-Хуурах, худлаа ярих нь арменчуудын цусанд байдаг зүйл. Ерөнхийлөгч Ильхам Алиевээр удирдуулсан Азербайжаны арми ард түмэнтэйгээ цуг хүчтэй гэдгээ харуулсан. Азербайжан улс газар нутгаа эргүүлэн авч байна. Тэдний худал ярианд бид ялалтаараа хариу барьж байгаа.

-Ойрын үед ямар нэг тэмцээнд азербайжан, армен бөхчүүд тулгарах нь ойлгомжтой. Тэд өдөөн хатгалт хийнэ гэж бодож байна уу?

-Юу ч тохиолдож болно. Тэмцээн зохион байгуулагчид аюулгүй байдлыг сайн хангах хэрэгтэй. Армен бөхчүүд манай тамирчинтай барилдахдаа маш хатуу, харгис байх нь мэдээж. Тэд янз бүрээр өдөөн хатгана. Харин манай бөхчүүд тийм үед тайван, сийрэг байх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.191.130) 2020 оны 12 сарын 13

hend heregtei yum de

1  |  0
Top