Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах рагбийн тэмцээн энэ сарын 27-нд Осака хотноо эхлэх гэж байна. Тэмцээний сугалаа явагдаж, Саппоро хотын Яманотэ ахлах сургуулийн баг Кагошимагийн ахлах сургуультай эхний тойрогт учраа таарсан байна. Яманотэ сургуулийн багт манай тамирчин Даваажавын Норовсамбуу энэ сараас нэгдсэн байгаа.
Уг нь Д.Норовсамбуу өнгөрсөн дөрөвдүгээр сард хичээлдээ орох байсан ч цар тахлын улмаас хойшлогдсоор 11 дүгээр сард Саппород очжээ. Багтайгаа хамт бэлтгэл хийх цаг бага байсан тул Японы ахлах сургуулиудын аварга шалгаруулах рагбийн тэмцээнд оролцож амжихгүй гэгдэж байсан ч багийн 30 тамирчны мэдүүлэгт багтсан байна. Дасгалжуулагч Сато “Чөлөөт бөх барилдаж байсан болохоор монгол залуу тун чадалтай. Багийнхантайгаа гар нийлээд амжилттай сайн тоглоно гэж итгэл найдвар хүлээлгэж байгаа болохоор тэмцээнд оролцуулахаар шийдсэн” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Японы рагбийн шигшээ багийн ахлагч Майкл Лийч өнгөрсөн оны хоёрдугаар сард монгол тамирчин сургуульдаа авахаар шийдэж, долоодугаар сард нь Монголд ирж, сонгон шалгаруулалтаар Д.Норовсамбууг сонгож байсан юм.
Д.Норовсамбуу 2003 оны долоодугаар сарын 25-нд төрсөн. 184 см өндөр, 83 кг жинтэй. 15 настайгаасаа рагбигаар хичээллэсэн.
Сэтгэгдэл ( 0 )