Олон улсын сонирхогчдын боксын холбооны (AIBA) ээлжит чуулган 12 дугаар сарын 12-13-нд онлайнаар явагдлаа. Чуулганаар холбооны санхүүгийн байдлыг хэлэлцсэн ч гол асуудал нь AIBA-гийн Ерөнхийлөгчийн сонгууль байв.
Сонгуульд ОХУ-ын У.Кремлев, Мароккогийн Мохамед Мустасан, Нидерландын Борис ван дер Ворст, Анас Аль-Отаиба (АНЭУ), Сулейман Микаилов (Азербайжан), Доминиканы Доминго Солано, Германы Рами Аль-Масри нар өрсөлдсөнөөс Солано, Аль-Масри нар нэрээ татсан юм.
Санал асуулгаар Кремлев 86 санал, Борис ван дер Ворст 45, одоогийн AIBA-гийн тэргүүний үүрэг гүйцэтгэж буй Мохамед Мустасан 19 санал авснаар Умар Кремлев холбооны тэргүүн боллоо.
Кремлев 2017 онд ОХУ-ын Боксын холбооны тэргүүн болж, 2018 оноос AIBA-гийн Гүйцэтгэх зөвлөлд ажиллаж байгаа юм. Шинэ ерөнхийлөгчийн шийдэх хамгийн чухал асуудал бол Олон улсын сонирхогчдын боксын холбооны ОУОХ дахь гишүүнчлэлийг сэргээх явдал. Харин ОУОХ-ноос шинэ ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй байна. Сонгуулийн өмнө ОУОХ-ноос энэ сонгуульд нэр дэвшигчдийн зарим нь итгэл даахгүй хүн гэж мэдэгдсэн ч тодорхой нэр дурдаагүй юм.
Умар Кремлев сонгуулийн дараа “Бид 3-4 сарын дотор ОУОХ-ны бүх шаардлагыг биелүүлнэ. Харин гишүүнчлэл сэргээх асуудлыг ОУОХ шийдэх болно. Миний хувьд холбооны шинэчлэлийг эхлүүлж, өр ширнээс гаргах асуудал чухал байна. Намайг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой мэтээр бичиж байгаа ч би цэвэр хүн. Би бүх насаараа олон нийтийн ажил хийж, боксоор хичээллэж ирсэн. Би зөвхөн спортын төлөө ажилладаг, цэвэр хүн гэдгээ дахин хэлье” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )