Олимпын элч төлөөлөгч aтташе нар спорт-олимпизмийн төлөө

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 14

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь Олимпын элч, атташе-гээр томилогдсон гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрын дипломатууд, хилийн чанад дахь монголчуудын олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, харь оронд буй спортын зүтгэлтнүүдтэй анх удаа цахим уулзалт  зохион байгуулж, ойрын үед тус хорооноос хэрэгжүүлэхээр төлөвлөж  буй цуврал үйл ажиллагаа, "Олимпын шинэ эрин" цогц төслийн талаар  танилцуулж, "Olympic Ambassador", "Olympic Attache" өргөмжлөл хүртсэн  эрхэм төлөөлөгчидтэй  хамтран ажиллах чиглэлийн талаар халуун яриа хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус уулзалтад:

Д.Батжаргал ( Япон )

Г.Баттунгалаг ( Австри )

З.Батбаяр ( Унгар )

Л.Пүрэвсүрэн ( Швейцар) нарын дөрвөн элчин сайд биечлэн оролцож, спорт-олимпизмийн салбарт МҮОХ-той нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн Монгол улсын "Соёлын элч" ,Казахстаны ҮОХ-ны хэлтсийн орлогч эрхлэгч Х.Болат, Чех, Швейцар, Австри, Японы ЭСЯ-ны ажилтан Б.Пагва, Б.Эрхэс, Э.Батмөнх, О.Цэдэвсүрэн, Хятадын самбо бөхийн холбооны төлөөлөгч Өргөнсэнгээ, АНУ дахь "Таван цагариг-USA" сонины эрхлэгч, олимпийн сурвалжлагч Ц.Энхтүвшин, БНСУ дахь  спортын төлөөлөгч Г.Нямцогт, Хилийн чанад дахь  монголчуудын холбооны тэргүүн Н .Номун-Эрдэнэ (Швед), спортын асуудал эрхэлсэн  тэргүүлэгч  Д.Амарбаясгалан (ОХУ)  нар санал бодлоо солилцсон юм.

Цахим уулзалтад оролцогсод нь Монголын спортын салбарын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах түнш эрэлхийлэх , заал танхимын тоо чанарыг нэмэгдүүлэх,  сургалт дасгалжуулалт, легионер тамирчид,  Олимпийн хороодын хамтын ажиллагааны гэрээ, удирдлага, мэргэжилтэн, дасгалжуулагчдын туршлага солилцох, дээд хэмжээний харилцан айлчлал хийх, спортын солилцоо, гадаадаас өндөр зэрэглэлийн мэргэжилтнийг урих , өвлийн спортын төрлийн хөгжилд түлхүү анхаарах, хэрэглэл материалын хангамжийг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг биеийн тамир спортод өргөнөөр татан оролцуулах, Токио-2020 наадмын үеэр эх орноо сурталчлах "Mongolian House" анх удаа нээх , олимпийн өмнөх хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах  зэрэг олон тулгамдсан асуудлаар нухацтай ярилцаж, талууд хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлтаа дайчлан ажиллахаа илэрхийллээ.

Дашрамд дурьдахад ,"Токио-2020" элч төлөөлөгчөөр Мехико-1968 олимпын чөлөөт бөхийн анхны мөнгөн медальт Ж.Мөнхбатын хүү, мэргэжлийн сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал томилогдсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top