Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны төлбөрийг ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл чөлөөлсөн. Харин ийм шийдвэр гарсны дараагаар иргэд шаардлагагүй цахилгаан ихээр хэрэглэж, ачаалал нэмэгдүүлэх магадлалтай байгаа юм. Тиймээс шийдвэр гарсан эхний өдрийн байдлаар эрчим хүчний ачаалал хэр байсан талаар бид бүхэн Диспетчерийн үндэсний төвийн захирал Г.Балжиннямаас тодрууллаа.
-Засгийн газраас цахилгааны үнийг бууруулсантай холбоотойгоор анхны шөнө ачаалал хэр байсан бэ?
-Засгийн газраас цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 13-нд гэхэд 1215 мВт ачаалал байлаа. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 105 мВт-аар их байсан. Тэгэхээр ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг.
-Цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор танайхаас ямар арга хэмжээ, ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Манайх Монгол Улсын хэмжээнд диспетчерийн үйл ажиллагаа явуудаг байгууллага. Өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд бүх бололцоот станц, үйлдвэрүүд дээрээ тоногдодын найдвартай ажиллагааг хангахын тулд нилээд ажлуудыг зохион байгуулж хийж байгаа. Тэгэхээр техник, үйлдвэрийн талаас аль болох асуудалгүй байлгах талаар бид бодитой ажлуудыг хийж байгаа гэсэн үг. Харин хоёрдугаарт, Монгол Улсын газар нутаг дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд маань техник технологийнхоо хүчин чадалд тохируулж зохистой хэрэглээг хангаж ажиллах хэрэгтэй байна. Мэдээж техникийн хүчин чадлаасаа давсан хэрэглээтэй байх юм бол эвдрэл гэмтэл, саатал гарах нь тодорхой. Үүнээс үүдээд гал түймрийн аюул гэх мэт ноцтой осол эндэгдэл гарч болох учраас үнэгүй юм гээд хамаагүй хэрэглэж болохгүй. Дүйцүүлж хэлбэл дээр үеийн таван тоннын даацтай машинаар найман тонныг ачаад Увс аймаг явахад замдаа эвдэрч гэмтэх нь тодорхой шүү дээ.
-Цаашид ачаалал нэмэгдэх нөхцөлд хэрхэн ажиллах вэ?
-Бид цахилгаан эрчим хүчний дотоодын хүчин чадалд найдахаас гадна Оросоос эрчим хүч авдаг. Дотоодынх нь ч тэр, гадаадынх нь ч тэр хүчин чадлын хувьд хязгаартай. Тиймээс энэ хязгаартаа баригдаж, үйл ажиллагаагаа зөв зохистой явуулж байгаа. Ер нь манай иргэд 18:00-22:00 цагийн хооронд аль болох өндөр ачаалал үүсгэхгүй байх хэрэгтэй. Онц шаардлаггүй цахилгаан хэрэгчлийг болж өгвөл энэ хугацаанд салгаж байхгүй бол ачаалал нэмэгдчихдэг.
-Өнгөрсөн шөнө зарим газрын трансформаторт гэмтэл гарсан гэсэн үү?
-Ийм юм гарахгүй гэсэн баталгаа өгч чадахгүй, гарч байна. Харин ийм гэмтэл эвдрэлийг гаргахгүй байх хамгийн чухал зүйл нь зүй зохистой хэрэглээ шүү гэдгийг нийт хэрэглэгчдэдээ дахин сануулъя.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН