Японы жүдо бөхийн Токиогийн олимпын шигшээ багийн сонгон шалгаруултад Марүямаг ялан, олимпын эрхээ авсан Абэ Хифүми хэвлэлийн бага хурал хийж, сэтгэгдлээ хуваалцлаа.
Абэ Хифүми “Олимпын эрхээ авсны дараа сэтгэл хөдлөөд шөнө нь унтаж чадаагүй. Дүү Үтагийн царай нүдэнд харагдаад ах дүү хоёр олимпын алтан медалийн төлөө өрсөлдөх боллоо гэж бодоод сэтгэл тайвширсан. Токиогийн олимпын наадамд Марүямагийн өмнөөс ч бас барилдах болно. Тийм болохоор заавал алтан медаль зүүж, олимпын аварга болно. Түүнтэй барилдсан 24 минут үнэхээр мартагдах аргагүй барилдаан байлаа. Эцсээ хүртэл анхаарлаа сулруулалгүй, өөрийнхөөрөө барилдаж чадсаны ачаар ялж чадсан. Ийм хүчтэй өрсөлдөгч жинд минь байгаа болохоор би өөрийгөө улам хүчтэй болсон гэж боддог, Марүямад талархаж явдаг. Энэ халз барилдаан надад маш том хичээл болж өглөө. Олимпод гадаадын янз бүрийн арга барилтай өрсөлдөгч таарна. Тэднийг яаж ялах вэ гэдгээ бэлтгэх болно. Аав ээжийнхээ ачаар өдий хүрсэн тул тэднийхээ ачийг улам их хариулахын төлөө олимпод заавал түрүүлнэ” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )