ОЛОН ӨНГӨ: Гадаа л тоглож байвал, сайхан

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 18

Хуучин орон сууцнуудын дунд чулуу өшиглөж өссөн 2000-аад оны бидний хэсэг андууд хөлбөмбөгийн хиймэл ногоон зүлгэн талбай дээр гишгэж үзэх мөрөөдөлтэй байж билээ. Анх хилийн дээс алхсан нэг нь автобусны цонхоор ногоон зүлэг харснаа бусаддаа гайхуулна. Бүр дээр нь сууж, хэвтэж үзсэн, зориулалтын пүүзгүй бол хальтирч унадаг гэж дэгсдүүлнэ.  Зарим нь мөчөөгөө өгөлгүй хөлбөмбөгийн дэлхийн аваргын оргиналь бөмбөгөөр тоглож үзсэн тухай мөрөөдлөө хууч болгож дэлгэнэ. Ямартай ч ногоон талбай диваажин, дэлхийн аваргын бөмбөг бол бүх зүйл байж. 

Тэр үед хөлбөмбөг сонирхогчид огцом нэмэгдсэнийг хэлэх үү, ийм л сэтгэхүйтэй бацаанууд өөрсдийгөө ирээдүйн Роналдино хэмээн мөрөөдөж, зундаа хог шороо, өвөлдөө цас мөс бужигнуулдаг сан. Зориулалтын талбай байхгүй учраас инхэнхдээ цэцэрлэг, эсвэл сургуулийн цонх хагалснаар мөрөөдөл түр мартагдана. Бас болоогүй нөгөө фракцынхантай бооцоотой тоглоно. Хожсон тал нь талбайгаа тэр өдөртөө эзэмшинэ. Ер нь л зуны халуун, өвлийн богино өдрүүдийг тиймэрхүү маягтай гадаа өнгөрүүлнэ. Гэрийнхэн хүртэл “Гэртээ бай” гэж загнадаг байлаа шүү дээ. Энэ дурсамж одоогийн хоосон ногоон талбай, түүнийг хүрээлсэн цоожтой хашааг харахаар сэдэрдэг юм.  Гадаа л тоглож байвал, сайхан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top