Дэлхийн Цом: Франк Чамизо, Разамбек Жамаловын “халз” тулаантай

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Сербийн нийслэл Белград хотод болж байгаа Дэлхийн Цомын тэмцээний эрэгтэй чөлөөт бөхийн төрөл өчигдөр 57, 70, 74, 92, 125 кг-ийн жингийн барилдаанаар эхэллээ. Энэ таван жингийн финалд дөрвөн орос бөх шалгараад байна.

57 кг-ийн финалд дэлхийн аварга орос бөх Заур Угуев Европын аварга армен бөх Арсен Арутюнянтай барилдана. Угуев өчигдрийн барилдаануудаа нийт 35:1 гэсэн оноогоор дуусгасан байгаа.

Завур Угуев (ОХУ) – Анатолий Буруян (Молдав) – 11:0; Владислав Андреев (Беларусь) – 11:0; Бекболот Мирзаназар (Киргиз) – 9:0; Рахман Амузадхалили (Иран)- цэвэр;

74 кг-ийн жингийн финалыг 2020 оны гол тулаан гэж шинжээчид нэрлэж байгаа. Цар тахлын улмаас тэмцээн уралдаан цөөхөн болсон энэ жилийн эцсийн тэмцээнийг дэлхийн гурван удаагийн аварга Италийн Чамизо, сүүлийн үед “Шинэ Адам Сайтиев” нэр зүүгээд байгаа U-23 дэлхийн аварга Разамбек Жамалов нарын барилдаан чимэх болно.

Жамалов бараг алдаа гаргалгүй финалд шалгарсан бол итали залуу хийтэй байгаа нь харагдсан.

Энэ жил Чамизо Разамбекийг халз тулаанд дуудсан. Гэхдээ их хэмжээний шагналын мөнгө нэхсэн билээ. Тэр үед халз барилдааныг зохион байгуулж чадаагүй ч энэ удаад тэд Дэлхийн Цомын финалд таарлаа. Их биш ч гэсэн Дэлхийн Цомын аваргын шагнал 5000 швейцар франк тэдний өрсөлдөөнд гал нэмэх нь гарцаагүй.

Саяхан Москвагийн Гран При тэмцээнд тодорсон Шамиль Шарипов олон томчуудыг өвдөг шороодуулсаар финалд шалгарсан. Жамболат Тедеев шавиа “профессор” гэж магтсан байна.

70 кг-ийн хагас шигшээд итгэл төгс гарч ирсэн Чермен Валиев гэмтлээр тэмцээнээс гарчээ.

Алтан медалийн төлөө барилдаан шөнийн 01 цагаас эхэлнэ. 

57 кг. Заур Угуев (ОХУ) — Арсен Арутюнян (Армен)

70 кг. Магомедмурад Гажиев (Польш) — Хайдар Явуз (Турк)

74 кг. Разамбек Жамалов (ОХУ) — Франк Чамизо (Итали)

92 кг. Алихан Жабраилов (ОХУ) — Георгий Рубаев (Молдав)

125 кг. Шамиль Шарипов (ОХУ) — Роберт Баран (Польш)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top