Аялал жуулчлалыг сэргээхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 17

Иргэний нисэхийн үндэсний төв нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа “Аялал жуулчлалын хөгжлийн төв”(ТӨҮГ)-тэй 2021-2024 онд хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Ковид-19 цар тахлын нөлөөгөөр зогсонги байдалд ороод байгаа аялал жуулчлалын салбарыг дахин сэргээх, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн “Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, иргэд, жуулчдын тоог нэг саяд хүргэнэ”, мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”–т тусгагдсан 2021-2030 онд хэрэгжүүлэх нисэх буудлыг түшиглэсэн “Худалдааны аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилтуудын бэлтгэл ажлыг хангахад хамтарч ажиллах юм.

Түүнчлэн хоёр байгууллага хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, Ковид-19 цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд чиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зэрэг асуудлаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлхээр төлөвлөж байна.

Аялал жуулчлал нь салбар дундын шинжтэй бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын эдийн засгийн өсөлтөд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх, Ковидын дараах аялал жуулчлалын шинэ төрхийг бий болгоход төрийн байгууллагууд хамтран ажиллах энэхүү санаачлагыг үлгэрлэн, бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх эхлэл нь гэж үзэж байна.

Иргэний нисэхийн салбартай аялал жуулчлалын салбар салшгүй холбогдож, дотоод, гадаад нислэгийг нэмэгдүүлхэд чухар үүрэг гүйцэтгэдэг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top