Японы нийслэл Токио хотын Кокүгикан ордонд сүмочдын хамтарсан бэлтгэл явагдаж байна.
Баруун өвдөгний гэмтлээр сүүлийн гурван башёг өнжсөн их аварга Хакүхо бэлтгэлд оролцож, өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн озэки Такакэйшёотой халз барилдаан хийлээ. Тэд нийт 15 барилдахад аварга 13 давж, хоёр унажээ.
Хакүхо өнөөдөр комүсүби Тэрүнофүжитэй барилдахаар төлөвлөж байсан ч Тэрүнофүжи бэлтгэлд ирсэнгүй.
Хакүхо Такакэйшёогийн талаар сэтгүүлчдэд “Том уул даваа давж байж, ёкозүна болох ёстой. Дараагийн ёкозүна гэгдэж байгаа бөх гарч ирсэн нь сайн хэрэг. Ийм бөхчүүдийг гаргах нь миний үүрэг. Мөн сүмо бөхийн ачийг хариулж байгаа хэрэг юм” гэж ярьсан байна.
Харин манай бас нэгэн аварга Какүрюү барилдааны бэлтгэл хийж эхлээгүй л байна. Өнөөдөр тэр Хакүхотой мөргөлдөх бэлтгэл хийсэн ч барилдсангүй. Гэмтлийнх нь талаар сэтгүүлчид асуухад “Одоогийн байдлаар биеийн байдал 50 хувьтай л байна. Сандарч яаралгүй, бага багаар бэлтгэлээ хийсэн нь дээр байх. Барилдах бэлтгэл хийх болоогүй” гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )