Шинэ жил дөхсөн энэ цаг үеэр орон нутагт улс орон даяар өвөлжилт хүндэрчээ. Зундаа гантай, гандуу байсан аймгуудад бэлчээрийн даац хэт хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, ус хүрэлцээгүй, отор, нүүдэл хийж туйлдсан, өвс, тэжээлийн нөөц муу, үнэ өндөр байгаа зэрэг олон шалтгааны улмаас зарим аймагт байдал тун хэцүү болоод байна. Одоогийн байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорноговь, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгийн 72 суманд зуд болох эрсдэл хамгийн их байгаа ажээ. Энэ аймгуудад 45 орчим мянган өрхийн 18,5 сая мал өвөлжихөөс 8,000 өрх, 4,3 сая мал оторлож байгаа юм байна.
ММСУХ-ноос өвөлжилт хүндэрсэн энэ цаг үед уяачидтай уулзаж, тэдний аж байдалтай танилцаж байна. Уяачид зудтай хэцүү байгаа ч дараа жилийн наадмын бэлтгэлдээ гарчээ.
Бид Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, залуу уяач О.Дагвадуламтай уулзаж, өвөлжилтийн талаар сонирхлоо.
-Сайхан өвөлжиж байна уу? Танай нутагт өвөлжилт хэр байна?
-Ер нь хаа сайгүй хүнд талдаа байх шиг байна. Олон аймгийн малчид Төв аймагт отор хийж байна.
-Уяач маань морь уяж байгаа гэсэн. Ирэх наадамдаа хэдэн морь уяхаар зэхэж байна вэ?
-Энэ жил зургаан насны морь уяхаар Өлзийт хороонд бэлтгэж байгаа. Би багаасаа л хурдан морь унадаг байлаа. Уяач хүүхдээс хасагдаад дөрөв, таван жил болж байна. Одоо морьдоо тэжээгээд, заримыг нь эдлээд бэлтгэж байгаа.
-Энэ жил улсад морь уяж байна уу?
-Нэг даага уясан ч хасагдчихсан. Харамсалтай нь үүлдэрлэг байдал гээд хасагдсан даа.
-Өнгөрсөн наадмын дааганы уралдаанд маш олон даага хасагдаж байсан. Нэг нь таны даага байж дээ? Яг ямар шалтгаанаар хасагдав?
-Зарим даага хэмжээндээ орчихсон байхад л нүдэн баримжаагаар харж байгаад л эрлийз, монгол гээд хасаж байсан.
-Одоо зургаан морь уяж байгаа гэлээ. Дахиад хасагдчихвал яах вэ? Ямар адуу сонгов?
-Монголжуу адуу голдуу сонголоо. Арай хасагдахгүй байх гэж найдаж байна.
-Олон сар уяж, бэлтгэсэн хүлэг морьд хасагдчихаар их гомдолтой байх нь мэдээж байх.
-Гомдолгүй яах вэ. Бүтэн жилийн хөдөлмөр минь үр дүнгүй, алга болж байгаа хэрэг шүү дээ. Ганц би биш олон хүн хөдөлмөрлөж байгаа, хоол тэжээл гээд зардал мөнгө ч их гардаг. Хасагдахаар үнэхээр унтаж ч чадахгүй хэцүү байдаг. Өнгөрсөн наадмаар ганц даагандаа зарцуулсан мөнгөө тооцож үзээгүй ч бас хөөрхөн хэдэн цаас болсон. Хамгийн гол нь сэтгэл санаа хэцүү байдаг. Миний жилийн хөдөлмөр, морины хүүхдийн хичээл зүтгэл гээд бүгд талаар болж байгаа юм.
-Өнгөрсөн наадамд хасагдсан морины тоо уралдсанаасаа их байсан. Хурдан морины уралдааныг яаж зохион байгуулбал дээр гэж боддог вэ?
-Сэрвээгээр хэмжиж уралдуулбал дээр гэж би боддог. Нэгэнт эрлийз адуу, шинэ цагийн адуу дэлгэрчихсэн цаг үе шүү дээ. Сэрвээгээр хэмжээд л мордуулж байх хэрэгтэй санагддаг. Харин энэ дүрэм журмаа хурдхан нэг талд нь шийдээд өгчихвөл бидэнд их хэрэгтэй байна. Эртхэн ирэх наадамдаа уях морио сонгох шаардлагатай байдаг. .
Сэтгэгдэл ( 2 )
Хурдан морь вэ! Корона гэж айлгаад бас мал бэлчээрлэх өвс нутаг үгүй ган зуд гэж юу наадам юу нь цагаан сар вэ!
ene malchin nom unchaj surah heregtei delhii dayar uter turgen virus .s \nsalhiin hurej bhad ... ene malchin eruul uu uvchun tuschahgui duugui malaa usguh uu ... uvchun virus hajuug.r duugui gertee bugj uz ...